Панамын пүүс 240 мянган хуурамч компани байгуулахад тусалжээ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Панамын хуулийн компани болох “Mossack Fonseca” пүүс 240 мянган “нэг өдрийн настай хуурамч компани” байгуулахад тусалж байсан тухай “Wall Street Journal” сонинд бичжээ. Тус компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрладаг Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын консорциум /ICIJ/ нийтэлсэн билээ.
“Энэ компани нь хуулийн нууц пүүсүүдийн дунд нэр хүндтэй бөгөөд хуурамч компаниудын сүлжээ байгуулдаг бизнест гаршжээ. “Mossack Fonseca”-ийн өөрийнх нь хийсэн тооцоогоор, тус компани дэлхий даяар 240 мянга орчим ийм компани байгуулсан аж.
“Mossack Fonseca” нь 1986 онд буюу Дэлхийн II дайны дараа бүр хүүхэд байхдаа Панамд ирсэн Германы иргэн Юрген Моссак гэгч пүүсээ Роман Фонсека гэдэг хуульчийн компанитай нэгтгэснээр ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тэд тухайн үедээ Лондон хотод ажиллаж, амьдарч байжээ. “Тэд хоёулаа Панамын улс төрийн хүрээнийхэнтэй холбоотой байдаг гэж үздэг. Саяхныг хүртэл Фонсека Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варелагийн ахлах зөвлөгч байсан” тухай “Wall Street Journal” сонинд бичсэн байна.
“Тус компани нь үргэлж бусад орны байнгын хараа хяналтад байсаар ирсэн байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Бразилын хууль сахиулах байгууллагууд тус улсын төрийн мэдлийн “Petrobras” компанийн эргэн тойронд үүссэн авлигын дуулиантай холбоотойгоор “Mossack Fonseca” пүүсийн Сан-Паулу хот дахь оффист нэгжлэг хийсэн байна. Бразилын эрх баригчдын мэдээлснээр, Панамын компани нь мөнгө угаасан болон авлигын хэргээр өнгөрсөн онд ял шийтгүүлсэн, “Petrobras” компанийн хоёр удирдах албан тушаалтанд оффшор компани нээж өгчээ. Харин Юрген Фонсека Бразилын эрх баригчдын мэдэгдлийн хариуд “нэрээ төрөө хамгаална” гэж мэдэгджээ. “Mossack Fonseca” компанийн Бразил дахь салбар нь Панам дахь компаниасаа тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг гэж даваа гарагт мэдэгдсэн байна.