Цэргийн зардалд хамгийн их мөнгө төсөвлөдөг орнууд

2016 оны 4 сарын 05

СТОКГОЛЬМ. /TASS/. 2015 онд дэлхийн улс орнуудын цэргийн зорилгоор зарцуулсан нийт мөнгөний хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 1 хувиар өсч, 1.676 их наяд долларт хүрсэн тухай Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /СИПРИ/ шинжээчдийн гаргасан  тайлан мэдээнд дурдсан байна.

Өнгөрсөн онд дэлхий дахины цэргийн нийт зардлын 36 хувь нь АНУ /596 тэрбум доллар/, 13 хувь нь Хятад /215 тэрбум доллар/, 5.2 хувь нь Саудын Араб /87.2 тэрбум доллар/ улсад ногдож байна. ОХУ-ын хувьд дэлхийн цэргийн нийт зардлын ердөө 4 хувь буюу 66.4 тэрбум доллар зарцуулснаар жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна.

ОХУ 2015 онд цэргийн зорилгод 66.4 тэрбум доллар зарцуулсан нь 2014 оныхтой харьцуулахад 7.5 хувиар өссөн үзүүлэлт бол 2006 оныхтой харьцуулахад 91 хувиар өссөн тоо аж. Нефтийн үнэ унасантай холбоотойгоор Оросын төсвийн орлого буурсан гэж СИПРИ-гийн шинжээчид үзэж байна.

Цэргийн их төсөвтэй улс орнууд

АНУ өнгөрсөн онд хэдийгээр цэргийн зардал нь 2.4 хувиар буурч, 596 тэрбум доллар болсон ч тухайн үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна. Хятад болон Саудын Арабын хувьд энэ үзүүлэлт тус тус өссөн бөгөөд Хятадын цэргийн зардал 7.4 хувиар өсч, 215 тэрбум доллар болсон бол Саудын Арабынх 5.7 хувиар өсч 87.2 тэрбум долларт хүрчээ. Цэргийн зардлаар жагсаалтын эхний тавын сүүлд 55.5 тэрбум доллар зарцуулсан Их Британи орсон байна. Цэргийн хамгийн их хэмжээний төсөвтэй 15 орнуудаас Австралийн зардал хамгийн их буюу 7.8 хувиар өссөн бол Итали улсынх хамгийн их буюу 9.9 хувиар буурчээ.

Нефть олборлогч орнуудын цэргийн зардал буурчээ

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нефтийн үнэ өндөр байсныг дагаад дэлхийн олон орны цэргийн зардал огцом өсчээ. Гэвч 2014 онд нефтийн үнэ огцом унаснаар нефть олборлогч олон оронд энэ хандлага эсрэгээр өөрчлөгдсөн бөгөөд 2016 онд ч байдал хэвээр үргэлжилнэ.

Энэ бүлэгт багтаж байгаа улсуудаас цэргийн зардал нь хамгийн их хэмжээгээр буурсан орнууд бол Венесуэл /64 хувь/ болон Ангол улс /42 хувь/ юм. Тус хоёр улсаас гадна, Бахрейн, Бруней, Чад, Эквадор, Казахстан, Оман болон Өмнөд Суданы цэргийн зардал буурчээ.

Гэхдээ нефть олборлогч орнуудын дотор цэргийн зардлаа нэмэгдүүлсэн улсууд бий. Тухайлбал, Алжир, Азербайжан, ОХУ, Саудын Араб болон Вьетнамыг дурдаж болно. СИПРИ хүрээлэнгийн шинжээчдийн онцлон дурдсанаар, эдгээр орны ихэнх нь бусад оронтой цэргийн мөргөлдөөн хийж магадгүй байдалтай байгаа юм.

Саудын Арабын зардал өнгөрсөн оны төсөвт нь тусгаснаар бага байх ёстой байсан боловч Йеменд цэргийн ажиллагаа явуулснаар 5.3 тэрбум долларын нэмэлт зардал гарчээ.

2016 онд ОХУ болон Саудын Араб цэргийн зардлаа бууруулна гэж СИПРИ-гийн шинжээчид үзэж байна.

АНУ-ын зардал буурчээ

Хойд Америк, Баруун болон Төв Европын орнуудын хувьд 2009 оноос хойш цэргийн зардал нь тогтмол буурч байгаа бөгөөд энэ нь юуны өмнө дэлхийн эдийн засгийн хямрал, түүнчлэн Афганистан болон Иракаас АНУ болон тус улсын холбоотон орнуудын цэргийн үндсэн хэсгийг гаргасантай холбоотой.

Өнгөрсөн онд АНУ-ын цэргийн зардал 2.4 хувиар буурсан нь өмнөх жилийнхтэй харьцуулахад харьцангуй удаан хурдцаар буурсан үзүүлэлт аж. Энэ нь өмнө нь баталсан төсвийн алдагдлыг бууруулах хөтөлбөр баталсантай холбоотойгоор тус улсын Конгресс цэргийн зардлыг хэсэгчлэн бууруулах арга хэмжээ авсны үр дүн юм.

Баруун болон Төв Европын орнуудын нийт зардал өнгөрсөн онд ерөнхийдөө 0.2 хувиар буурчээ. Гэхдээ Төв Европт цэргийн хэрэгцээнд зориулсан зардал 13 хувиар өссөн байна. Тус тивийн ОХУ, Украинтай хил залгаа орших Эстони, Латви, Литва, Польш, Румын, Словак зэрэг улсын цэргийн зардал илүү их хэмжээгээр өсчээ.

Баруун Европт цэргийн зардал 1.3 хувиар буурсан нь 2010 оноос хойш буурч байгаа уг үзүүлэлтийн хамгийн доод түвшин аж.

СИПРИ-гийн тайланд онцлон тэмдэглэж буйгаар, “Лалын улс” бүлэглэлийн зүгээс учирч буй аюул занал, мөн “ОХУ-ын сэтгэл түгшээсэн үйлдэлтэй” холбоотойгоор цэргийн зардлаа аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа Их Британи, Франц болон Герман улс мэдэгджээ

2015 онд Украины цэргийн зардал 3.6 тэрбум доллар байсан нь жилийн өмнөхөөс 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Зүүн нутагт нь байлдааны ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор тус улс өнгөрсөн жилийн хугацаанд цэргийн зардлыг нэмэгдүүлэхийн тулд төсөвтөө хэд хэдэн удаа тодотгол хийжээ. 2006 оноос хойших үетэй харьцуулахад Украины батлан хамгаалахын төсөв 61 хувиар өссөн бол 2013 оноос хойших хугацаанд өсөлт 34 хувьтай байсан байна.

Ази болон Номхон далайн бүсийн орнуудын зардал өсчээ

Дээрх тайланд мөн дэлхийн бусад бүс нутгийн талаар анхаарал татахуйц баримтыг дурдсан байна. Тухайлбал, Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн зардал 5.4 хувиар өсчээ. Тус бүс нутгийн нийт зардлын ихэнх хэсэг нь Хятадад ногдсон байна. Бүс нутгийн хэд хэдэн улс болон  Хятад хооронд сөргөлдөх байдал үүссэн нь Индонез, Филиппин болон Вьетнам улсыг цэргийн зардлаа ихээхэн нэмэгдүүлэхэд хүргэж, түүнчлэн Японы цэргийн зардал буурах хандлагатай байсныг өөрчлөгдөхөд нөлөөлжээ.

Ойрхи Дорнодын бүс нутгийн зарим орны өнгөрсөн оны цэргийн зардлын талаарх мэдээлэл байхгүй учраас СИПРИ-гийн тайлан мэдээнд энэ талаарх тус бүс нутгийн ерөнхий дүр зургийг гаргах боломжгүй болжээ. Статистикийн мэдээллээ танилцуулсан орнуудын цэргийн зардал дунджаар 4.1 хувиар өсчээ. Иракийн цэргийн зардал 2006-2015 онд 536 хувиар өссөн байна

Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын цэргийн зардал 2.9 хувиар буурчээ.

Африкийн орнуудын хувьд 11 жилийн турш өсөлттэй байсан цэргийн зардал өнгөрсөн онд 5.3 хувиар буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31125
0 эможи
keyboard_arrow_up