Ан Сан Су Чи шинэ Засгийн газарт 4 албан тушаал хашна

2016 оны 3 сарын 23

БАНГКОК. /RIA Novosti/. Нобелийн шагналт, Мьянмарын парламентын сонгуульд ялсан Ардчиллын төлөөх үндэсний холбоо /АТҮХ/ намын дарга Ан Сан Су Чи тус улсын шинэ Засгийн газарт дөрвөн сайдын албан тушаалыг хашиж, харин намын даргын ажлаа өгөхөөс аргагүй болно гэж “Myanmar Times” сонины цахим хувилбарт  АТҮХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын мэдээллээс иш татан бичжээ.

“Ан Сан Су Чи Засгийн газарт дөрвөн сайдын албан тушаалыг хашна” гэж АТҮХ намын ерөнхий нарийн бичгийн дарга Вин Тхейн мэдэгдсэнийг тус сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Су Чи Мьянмарын Засгийн газарт Гадаад хэргийн сайдын болон Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлийн, мөн тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх нөлөө бүхий байгууллагын гишүүний хувиар алба хашна. Тус нөлөө бүхий байгууллагын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч болон хоёр дэд ерөнхийлөгч, парламентын хоёр танхимын дарга нар, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, түүний нэг орлогч, Үндсэн хуулийн дагуу цэргийн командлалаас томилдог Батлан хамгаалахын, Дотоод хэргийн болон Хил хамгаалахын сайд нар гэсэн 11 хүн багтдаг гэж тус сонинд бичжээ.

Ан Сан Су Чи сайд нарын шинэ танхимд Гадаад хэргийн сайдаас гадна, чухам ямар яамдыг тэргүүлэх тухай тодорхой мэдээлээгүй боловч Мьянмарын шинжээчдийн мэдээллээс иш татан хоёр дахь албан тушаал нь Ерөнхийлөгчийн танхимын /тамгын газар/ сайдын алба байж магадгүй гэж бичсэн байна.

Гэхдээ Су Чи АТҮХ намын даргын албан тушаалаа өгөхөөс аргагүйд хүрч байгаа юм. Учир нь тус улсын Үндсэн хуульд заасны дагуу сайдын албан тушаалд томилогдсон хүн улс төрийн намын удирдах албан тушаалаас огцрох ёстой байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30518
0 эможи
keyboard_arrow_up