Кот-д’Ивуарт үйлдсэн халдлагын хариуцлагыг "Аль-Каида” хүлээв
КАИР. /TASS/. Кот-д’Ивуарт ням гарагт үйлдсэн халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын шашинт Магрибын орнууд дахь Аль-Каида” бүлэглэл хүлээсэн байна. Энэ тухай лалын шашинт босогчдын интернэт дэх үйл ажиллагаага хянадаг SITE байгууллага мэдээлжээ.
Үл таних зэвсэгт этгээдүүд Гран-Бассам хотын зочид буудалд амарч байсан хүмүүс рүү халдсан байна. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, завиар ирсэн террористууд эрэг дээр буусныхаа дараа “Etoile du Sud” зочид буудлын наран шарлагын газарт амарч байсан хүмүүс рүү болон зочид буудалтай ойрхон оршдог зоогийн газар, кафед байсан хүмүүс рүү замбараагүй гал нээжээ.
Кот-д’Ивуарын Ерөнхийлөгч Алассан Уаттарагийг мэдэгдсэнээр, халдлагын улмаас 16 хүн амиа алдсаны 14 нь энгийн иргэн хоёр нь тусгай хүчний цэргүүд аж. Тэрбээр мөн зургаан террористыг устгасныг нотолжээ.
Ирж буй мэдээллээс үзвэл, амиа алдсан хүмүүсийн дотор Францын нэг иргэнийг оруулаад Европын орнуудын дөрвөн иргэн байгаа аж. Ливаны таван иргэн шархадсаныг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүнд байна.
Гран-Бассам хот нь Кот-д’Ивуарын томоохон хот болох Абижанаас ойролцоогоор 40 км зайтай газарт оршдог бөгөөд тус улсын эдийн засаг, соёлын төв юм.