Пхеньян Сөүлтэй эдийн засгийн харилцаагаа тасалснаа мэдэгдлээ
Өнгөрсөн пүрэв гаригт Пхеньян Өмнөд Солонгостой хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүх гэрээгээ цуцалсанаа мэдэгдэв. Энэхүү шийдвэр нь Сөүлээс Хойд Солонгост авсан шинэ хориг арга хэмжээний хариу болох талаар "Ёнхап" агентлаг уламжилсан байна.
Хоёр Солонгосын тайван замаар нэгдэх хорооноос "Бид хоёр Солонгосын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааны бүх гэрээг энэ мөчөөс эхлэн хүчин төгөлдөр бусад тооцож байна" хэмээн мэдэгдсэнийг тус агентлаг мэдээллэжээ. Түүнээс гадна Хойд Солонгосын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Өмнөдийн компаниудын эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байна. Пхеньян өөрсдийн үйлдлээ Сөүлээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хариу хэмээн тайлбарлажээ.
Өмнөд Солонгос шинэ хоригтоо Пхеньяны аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн нэрийн жагсаалтыг нэмж, дансыг нь царцааж, санхүүгийн гүйлгээ хийхийг нь хориглов. Улмаар хар жагсаалтдаа үй олноор хөнөөх зэвсэг боловсруулахад оролцсон хувь хүн, байгууллагуудыг багтаасан аж.
Өмнөд Солонгосын тал өөрийн хөлөг онгоцуудыг 180 хоногийн турш БНАСАУ-ын боомт руу нэвтрэхийг хориглож, Хойд Солонгост үйлдвэрлэсэн импортын бараанд хийх шалгалтаа чангатгажээ. Сөүл өөрийн иргэддээ хандаж гадаадын гуравдагч орнуудад үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгос улсын харъяа зоогийн газраар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж, зөрчвөл арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Энэ сарын 2-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг санал нэгтэй баталсан билээ. Энэхүү хориг арга хэмжээг хэвлэл мэдээллийнхэн “сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн чанга хориг” хэмээн тодорхойлжээ.
Хориг дагуу Хойд Солонгосын бараанд заавал үзлэг хийх, хууль бус зэвсгийн худалдаа зэргийг хориглосон байна. Олон улсын энэхүү хориг арга хэмжээ нь өнгөрсөн саруудад Хойд Солонгос пуужин хөөргөж, туршилт хийсэнтэй холбоотой аж. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сард БНАСАУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа мэдэгдсэн билээ. Пхеньяны зүгээс улсынхаа тусгаар тогтнолд саад учруулахгүй бол цөмийн зэвсэг хэрэглэхгүйгээ тэмдэглэсэн юм.
Сарын өмнө Хойд Солонгос Kwangmyongsong 4 ("Гэрэлт од-4") хиймэл дагуулыг дэлхийг хянах зорилгоор сансарт хөөргөсөн. Хойд Солонгосын энэхүү үйлдлийг дэлхийн бараг бүх улс орон шүүмжилж байна.
Дашрамд дурдахад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс "Хойд Солонгос улс нь гадаадад илгээсэн ажиллах хүчнээс олсон орлогын 90 хувийг улсын орлого болгон хурааж байгаа ба тэрхүү мөнгийг цөмийн зэвсэг, байлдааны зэвсэг бүтээх, турших ажилд зарцуулж байна" хэмээн мэдэгдсэн юм.
Эдүгээ Хятад, Монгол, Голланд, ОХУ, Вьетнам, Лаос зэрэг орнуудад Хойд Солонгосын 60 гаруй зоогийн газар ажилладаг ба тэдгээрээс олсон бүх орлого Хойд Солонгос улс руу илгээгддэг ч юунд зориулан ашигладаг нь тодорхойгүй байдаг аж.
Өмнөд Солонгос улсын хувьд Хойд Солонгостой хамтран байгуулсан "Кесонгкунгданг" үйлдвэрлэлийн бүсийг мөн энэхүү шалтгааны улмаас хаасан билээ.