Хойд Солонгосын дипломатчид хориотой барааг Монголоор дамжуулан тээвэрлэж байна
Хойд Солонгосын дипломат ажилтнууд хориг арга хэмжээнд заагдаж тус улсад нэвтрүүлэхийг хориглосон барааг Монголоор дамжуулж зөөвөрлөж байгаа гэнэ.
Үүнд голдуу Хойд Солонгосын дэглэмд хаалттай болсон тансаг ангиллын бараа бүтээгдэхүүнүүд багтаж байгааг Radio Free Asia суваг өчигдөр буюу Баасан гарагт мэдээлжээ.
НҮБ-ын аюулгүйн зөвлөл өнгөрсөн Лхагва гарагт шийдвэр гаргаж Пьёньяний дэглэмд зэр зэвсгийн бус бараа, тухайлбал тансаг ангиллын бугуйн цаг, цас болон усны спортын үнэтэй хэрэгсэл зэрэг $2,000-оос дээш үнэтэй эд зүйлсийг экспортлохыг хориглосон юм.
Харин сүүлийн үед Хятад улстай харилцаа муудсан учраас ийм төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг Хойд Солонгосын дипломатчид Монголоор дайруулан зөөвөрлөх болсныг Хятадад байрладаг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.
Дипломатчид өөрсдийн онцгой эрхтэй паспортыг ашиглан хилээр шалгуулахгүй нэвтрүүлж чаддаг аж. Ингэж зөөвөрлөдөг бараан дотор цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ашигладаг электроникийн эд ангиуд ч байж болохыг үгүйсгэхгүй байна.
Хятадаас Монгол руу аль нэг гуравдагч этгээдийн компани эсвэл хувь хүний нэрээр тээвэрлэгдээд дараа нь дипломат шугамаар Хойд Солонгос руу гаргадаг аж.
Тус улсын валютын санг арвижуулахын тулд дипломатууд Мексик болон Бразилд хар тамхины наймаанд оролцдогийг эх сурвалж мөн ярьсан байна.
Өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосын хоёр дипломат ажилтан Кубаас Бразилд 3,800 навчин тамхи гаргах гэж байгаад Сан Паулод баривчлагдаж байсан юм.
Эх сурвалж: Radio Free Asia, UPI.com