Туркт сөрөг хүчний сониныг хаав
Туркийн цагдаа нар эрх баригчдыг хурцаар шүүмжилсэн “Заман” нэртэй сонины газар руу дайран орж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Баасан гаригт болсон энэ хэрэг явдлын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж, сонины редакцийн гадна цугласан эсэргүүцэгчдийг тараасан байна. Уг сониныг АНУ-д амьдардаг, шашин судлаач Фетуллах Гулений хөдөлгөөнтэй холбоо сүлбээтэй гэж сэжиглэж байгаа юм.
Туркт Гулений хөдөлгөөнийг ерөнхийлөгч Режек Тайип Эрдоганы засгийн газрыг унагах зорилготой алан хядагч бүлэглэл гэж тодорхойлсон юм. Фетуллах Гулен нь нэгэн үе Р.Эрдоганы хамтрагч байсан боловч тэдний зам салсан аж. Баасан гаригт болсон ажиллагааны үеэр хөдөлгөөний нэлээд олон гишүүнийг баривчилжээ. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон энэ үйлдлээс болж Туркийн засгийн газар олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Баасан гаригт Туркийн шүүх тус сонины редакцийг тарааж, төрийн мэдэлд авах тухай тогтоол гаргасан ажээ.
Шүүхийн тогтоолыг эсэргүүцэж, сонины редакцийн байрны гадна хэдэн зуун иргэн жагссан боловч цагдаа нар тараасан юм. Тус сонины сэтгүүлч Твиттертээ энэ тухай “Туркийн Засгийн газар энэ улсын сүүлчийн чөлөөт дуу хоолойг хаалаа” гэж бичсэн бол бас нэгэн сэтгүүлч “Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хар өдрүүд ирлээ” гэж жиргэсэн байна.
Энэ бүх хэрэг явдал Туркийн Үндсэн хуулийн цэц улсын нууц задруулсан хэргээр хоригдсон хоёр сэтгүүлчийг буруугүй гэж үзсэнээс үүдсэн ажээ.
Тус сонины хоёр сэтгүүлч арваннэгдүгээр сард Туркийн Засгийн газар Сирийн Исламистуудад зэвсэг нийлүүлэх гэж байсан тухай мэдээлснээс болж шоронд хоригдсон. Тэдгээр сэтгүүлчдэд улсын нууц задруулсан хэргээр бүх насаар нь шоронд хорих ял оноохоор төлөвлөж байгаа юм байна. Өнгөрсөн жил Гулений хөдөлгөөнтэй холбоотой гэж сэжиглэн Туркт хоёр сонины редакц, хоёр телевизийн сувгийг хаасан юм.