Пакистанд үндэстний хоолны өв уламжлал дахин сэргэж байна
Лахор хотыг Пакистан улсын соёлын нийслэл гэж үздэг бөгөөд энэ хот нь түүхийн дурсгалт барилга байгууламжуудаараа алдартай юм. Тэгвэл тус хотын иргэд оройн цагаар гадуур хооллох нь хэвийн үзэгдэл болж байна. Учир нь исламын шашинт орнуудын хувьд оройн хоолоо гадуур идэх нь түгээмэл үзэгдэл биш. Харин Лахор хотын хувьд нар жаргаад нилээдгүй удсаны дараа ч хоолны газрууд үйлчлүүлэгч олонтой байх болжээ.
Оройн хоолоо гадуур идэх сонирхолтой иргэдийн олонх нь Форт гудамжийг зорих нь элбэг байдаг. Английн колони байх үеэсээ л энэ гудамж худалдаа наймаагаараа цуутай байжээ. Та эндээс Өмнөд Азийн гал тогооны онцлогийг шингээсэн бүх төрлийн хоол идэж болохоос гадна сонголтын хувьд өргөн дэлгэр байгаа юм. Энэтхэг хоолны шинж чанрыг агуулсан карри, бин, шорлог байгаа бол Турк Исламын оронд өргөн тааралдах кебаб, чанасан бүхэл махыг ч та эндээс олж болно. Олон төрлийн жимс, хүнснийн ногоо, цагаан хоолны арвин сонголттой учраас бүх төрлийг хоол хүнс таашаагчид эндээс хүссэн хоолоо олох боломжтой байгаа юм. Гэхдээ тус нутгийн нэрийн хуудас болсон хоол “Нихари” олны дунд хамгийн эрэлттэй байна.
Нихаригийн хувьд үхэр, хонины мах оролцуулан хийдэг өвөрмөц амт бүхий карри юм. Заримдаа түүнийг малын чанасан тархитай өгдөг онцлогтой. Пакистан улсад малын дотор эрхтэнээр хийсэн хоол хүнс элбэг байдаг. Бусад улсуудад төдийлэн ашигладаггүй малын элэг, уушги, гэдсийг сайтар цэвэрлээд, олон янзаар амтлан янз бүрийн амтат хоол хийж болдгийг эндээс харж болохыг хоолны мэргэжилтнүүд онцолж байна. Пакистан хоолны хувьд олон төрлийн амтлагч, хурц, өвөрмөц амтаараа ялгардаг. Зөв сурталчилгаа, амт чанартай, дахин давтагдашгүй хоол хүнс нь жуулчдыг өөртөө татах гол түлхүүр болж болохыг энэ хотын туршлага харуулж байна. Ойрын үед тус хотыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдээд байгаа юм. Элэг цувдаагаар хийдэг өвөрмөц хоолыг амталж үзэхийн тулд харь оронд аялж жуулчилдаг хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна.