АСЕАН, АНУ-ын дээд хэмжээний уулзалт болж байна
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг АСЕАН-ы бүх гишүүн орны удирдагчдыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эх орондоо урьж, дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байна. Энэ дээд хэмжээний уулзалт 2013 онд Хятадын дарга Си Зинпинийг хүлээн авч байсан Калифорни муж улсын Санниленд амралт, сувиллын газарт өчигдөр эхэлжээ. Хоёр хоног үргэлжлэх тус уулзалтаар АСЕАН-ы гишүүн 10 орны төр засгийн тэргүүн нар АНУ-ын Ерөнхийлөгчтэй худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын асуудлаар санал солилцож байгаа юм.
Өчигдөр уулзалтын өргөн чөлөөнд АСЕАН-ы зарим улс орны удирдагчийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулсан байна. Энэ жагсаалд оролцсон мянга гаруй жагсагч нэг намын системтэй коммунист улсууд болох Вьетнам, Лаосын Засгийн газар болон хүний эрхийн зөрчил үйлдсэн, авлига хээл хахуульд идэгдсэн гэж олон улсын зүгээс ширүүн шүүмжлэлд өртсөөр ирсэн Камбожийн Ерөнхий сайд Хун Сенийг эсэргүүцэн, огцрохыг шаардсан уриа лоозон барьсан байжээ.
Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлын тоонд багтсан Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийг эсэргүүцсэн хүмүүс мөн жагсаал зохион байгуулсан байна. Дарангуйлагчдыг урьж, дээд хэмжээний уулзалт зохион байгуулснаараа эрх чөлөөний орон гэгддэг АНУ-ын нэр хүндийг унагалаа гэх шүүмжлэл орон нутгийн хэвлэлүүдээр олонтаа гарч байгаа юм.
Тухайлбал, "Лос Анжелес Таймс" өдөр тутмын сонин “Өмнөд Калифорнид дарангуйлагчид хуран цугларлаа” гэх гарчигтай нийтлэл хэвлүүлсэн байна.