Саудын Арабт 20 орны цэргүүд сургуулилт хийж байна
Саудын Арабт 20 орны цэргүүд цуглан өргөн хүрээтэй сургуулилт хийж байна. “Бүс нутгийн түүхэн дэх хамгийн том, чухал цэргийн сургуулилт Саудын Арабт эхэллээ” хэмээн мэдээллийн төв агентлагт мэдээлжээ. Өргөн бүрэлдэхүүнтэй цэргийн сургуулилтыг Саудын Арабын хойд хэсэгт агаар, тэнгис, газрын төрлөөр хийж байгаа аж. Цэргийн сургуулилтад Араб болон Африкийн орнууд оролцож байна. Харин АНУ болон Барууны орнууд оролцоогүй гэнэ. Цэргийн сургуулилт 18 хоног үргэлжлэх аж.
Саудын Араб нь Йемений шийтийн хоутис босогчдын эсрэг тулалдаж буй цэргийн эвслийг толгойлж байгаа билээ. Түүнчлэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сири, Иракийн нутагт агаараас цохилт өгч буй АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвслийн гишүүн юм. Харин саяхнаас Сирид явган цэргээ илгээх хүсэлтэй байгаагаа Саудын Араб мэдэгдээд байна.