Цагаач дүрвэгчдэд зориулан цахим газрын зураг бүтээжээ

2016 оны 1 сарын 29

Герман улсын нийслэл Берлин хотод цагаач дүрвэгчдэд хөлөө олоход нь туслах цахим газрын зураг гарчээ. Өнгөрсөн онд Берлинд очсон хоёр афганистан, нэг ирак дүрвэгч хамтран энэ газрын зургийг боловсруулсан байна. “Берлинд ирэх нь” нэртэй тус газрын зургийн цэсийг перс, араб, англи хэл рүү шилжүүлэн тохируулах боломжтой аж.

Сири болон бусад улс орон дахь хямрал мөргөлдөөнөөс дайжсан дүрвэгчид Герман улс руу очихын тулд олон зуун километр явган алхаж, Газар дундын тэнгисийг гатлахын тулд амь насаа хүртэл эрсдэлд оруулж байгаа юм. Иймээс Берлинд тэдэнтэй тулгардаг хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх хүсэл нь “Берлинд ирэх нь” нэртэй цахим газрын зураг зохион бүтээх гол шалтгаан болжээ. Энэ газрын зураг нь жирийн газрын зургаас ялгарах хэд хэдэн онцлогтой. Цагаач дүрвэгчдэд шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгдөг газруудаас авахуулан перс, араб хэлтэй эмч, эмнэлгүүд, мөн орогнол хүссэн өргөдөл гаргахдаа хаана хандах зэрэг бүх мэдээллийг энэ газрын зурагт тэмдэглэжээ. Цагаач дүрвэгчдэд эрэлт хэрэгцээтэй 150 гаруй байршлыг онцолсон энэхүү газрын зургийг бүтээгчдийн нэг нь Афганистанд хот төлөвлөгчөөр ажиллаж байсан Хамид Эхрари гэгч дүрвэгч юм.

Тэрээр Берлинд түр орогнуулах байранд цуг амьдардаг афганистан, сири хоёр найзынхаа тусламжтайгаар цагаачдад зориулсан газрын зураг боловсруулжээ. Берлинд очсоны дараах эхний сарууд германаар ярьдаггүй, тус улсын соёл заншил, хэрэглэдэг хоол хүнсний талаар огт мэдлэггүй дүрвэгч цагаачдын хувьд хүнд нөхцөл бий болдгийг тэрээр хэлсэн юм. Цагаачдад зориулсан Берлиний цахим газрын зургийг өнгөрсөн 11 дүгээр сард бий болсноос нь хойш 20 мянга гаруй хүн ашиглажээ. Тус газрын зураг цаашид ч шинэчлэгдэн сайжирсаар байх болно гэж зохион бүтээгчид амлаж байгаа юм. Мөн цахим эрин зуун гэгдэж байгаа өнөө цагт интернэтээр дамжуулан цагаач дүрвэгчдэд туслах олон арга бодож олох хэрэгтэй гэж цагаачдад зориулсан газрын зургийг бүтээгчид үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28404
0 эможи
keyboard_arrow_up