Истанбул хотын төвд хүчтэй дэлбэрэлт болж, 10 хүн амиа алджээ
Туркийн Истанбул хотын жуулчдын хамгийн ихээр зорчдог Султанахмет дүүргийн төв талбайд хүчтэй дэлбэрэлт болжээ. Үүний улмаас 10 хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртсэн талаар ВВС мэдээллээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 10.00 цагийн үед болсон юм. Хохирогчдын дунд Германы зургаан, Норвегийн нэг, Перу улсын нэг иргэн байгаа аж.
Мэргэжилтнүүд дэлбэрэлтийн шалтгаан болон тэсрэх бөмбөгийн төрөл зүйлийг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Дэлбэрэлт болсны дараа ирсэн цагдаа нарын нэг нь амиа золиослогч өөрийгөө дэлбэлсэн гэж мэдээлсэн ч дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна.
Түүнчлэн дэлбэрэлт үйлдсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд байна. Жуулчдын хамгийн ихээр зорчдог газар дэлбэрэлт болсон нь террорист ажиллагаа байж магадгүй гэсэн сэжиг төрүүлж байна хэмээн хэлсэн Туркийн эрх баригчдыг иш татан France Press агентлаг дамжууллаа.
Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу сайд нарын зөвлөлийг дуудаж, шуурхай хуралдаан хийсэн байна.
Султанахмет дүүрэг нь Истанбул хотын төвд байрлах түүхэн гол талбай. Энэ дүүргээр жуулчид хамгийн ихээр зорчдог бөгөөд алдарт Хөх сүм, Аяасофяа, Могойн багана зэрэг түүх дурсгалын газрууд байрладаг.