Путин "Хойд урсгал-2" байгалийн хийн хоолойг өргөжүүлэхэд Италийн дэмжлэг авна
ОХУ “Хойд урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойгоо өргөжүүлэхэд Италийн талын дэмжлэгийг авахаар хичээж байна хэмээн Италийн La Stampa сонинд мэдээллээ.
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өчигдөр /01.11/ Италийн Ерөнхий сайд Маттео Ренцитэй утсаар ярьж, “Хойд урсгал-2” байгалийн хийн хоолойн төсөлд Италийн тал оролцох боломжийг хэлэлцсэн байна.
“Хойд урсгал-2” төсөл Европын холбооны орнуудаас маш шүүмжлэл хүлээж байгаа учир Путин Италийг ашиглан энэ асуудлыг шийдэхээр эрмэлзэж байна гэж La Stampa сонинд бичжээ.
Европын орнууд гурван шалтгааны улмаас уг төсөлд сөрөг хандлагатай байгаа юм. Үүнд:
- Нэгдүгээрт Европын орнуудын ОХУ-аас эрчим хүчний хараат байдал нэмэгдэнэ.
- Хоёрдугаарт тус төсөл Украиныг тойрон Европ руу байгалийн хий нийлүүлэх боломжийг олгодог.
- Харин гуравдугаар тус төсөлд одоогийн байдлаар зөвхөн Германы тал оролцож байгаа аж.
Тэгвэл “Хойд урсгал-2” төсөлд Италийн байгалийн хийн компанийн оролцоо дээрх саадыг арилгахад тус болно гэж ОХУ-ын талынхан үзэж байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Италийн Ерөнхий сайд Ренци Европын комисс руу хандаж, Герман “Хойд урсгал-2” төсөлд оролцохдоо Европын стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгахыг хүссэн юм. Үүний дараа Итали улс "эрчим хүчний салбар дахь гол тоглогчдын нэг" болсон гэж La Stampa бичиж байна.
Өнгөрсөн 2015 онд Италийн байгалийн хийн хэрэглээ 15 хувиар өссөн байна бөгөөд энэ үзүүлэлт цаашид ч өсөх хандлагатай аж. Гэвч байгаль орчны шалтгаанаар эрх баригчид байгалийн хийн шинэ орд газар нээхийг хориглосон байна.
Иймээс “Хойд урсгал” байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд Итали улс оролцох бүрэн боломжтой гэж шинжээчид таамаглалаа.