Грекийн "Шинэ Ардчилал" намын даргыг шинээр сонголоо

2016 оны 1 сарын 12

Грек улсын сөрөг хүчний гол намуудын нэг консерватив үзэлт "Шинэ Ардчилал" намын даргаар Кириакос Мицотакис сонгогдлоо. Тус нам өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан сонгуульд томоохон ялагдал хүлээснийхээ дараа намын даргаа дахин сонгосон нь энэ юм байна.

 

Алексис Ципрасын Засгийн газар бүсээ чангалах бодлогын хүрээнд тэтгэврийн шинэчлэл хэрэгжүүлэх талаар парламентад санал хураалгахаар төлөвлөж байгаа. Харин Грекийн улс төрд хамгийн нэр нөлөө бүхий гэр бүлүүдийн нэгээс гаралтай, 47 настай Мицотакис "Шинэ Ардчилал" намын дарга болсноор тус асуудлаар Засгийн газарт шахалт үзүүлэх төлөвтэй байна. "Шинэ Ардчилал" намын удирдлагыг шинээр сонгох санал хураалт хоёр үе шаттай явагдсан. Үүнээс эхний шатанд Мицотакис нийт саналынхаа тоогоор хоёрдугаарт бичигдэж байсан бол хоёрдугаар шатанд 51 хувийн саналаар тэргүүлжээ. Тус нам 2004-2009 оны хооронд Грекийн Засгийн газрыг дангаараа бүрдүүлж, эрх барьж байсан юм. Харамсалтай нь үүний дараа Грек улс өрийн хямралд нэрвэгдэхэд эрх баригч Шинэ Ардчилал намын нэр хүнд эрс унасан байна.

Улмаар өнгөрсөн нэг болон есдүгээр сард болсон сонгуулиар тус нам Алексис Ципрасын тэргүүлсэн Сириза намынханд дараалан ялагдал хүлээсэн нь ч намын нэр хүндэд томоохон цохилт болсон юм. Иймээс "Шинэ Ардчилал" намынхан одоо удирдлагаа шинэчилж, өрсөлдөх чадвараа сайжруулахаар чармайж байна. "Шинэ Ардчилал" намын дарга болсон Мицотакисын эцэг нь 1990-1993 оны хооронд Грекийн Засгийн газрыг тэргүүлж байснаас гадна эгч нь 2006-2009 оны хооронд тус улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27658
0 эможи
keyboard_arrow_up