Башар Асадыг ирэх 2017 онд огцруулахаар төлөвлөж байна
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад ирэх 2017 оны гуравдугаар сараас нааш төрийн тэргүүний суудлаас огцрохгүй хэмээн АНУ-ын Цагаан ордноос гаргасан тайланг иш татан Associated Press мэдээллээ.
"Башар Асад Засгийн эрхээ өгч, түүний холбоотнуудыг Сири улсыг орхин гарах хугацааг бид ирэх орны гуравдугаар сар гэж тооцоолж байна. Үүний өмнө Сирийн хямралыг шийдвэрлэх өөр боломжит хувилбарууд байхгүй" гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын Цагаан ордон өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Венад болсон олон улсын хурал болон НҮБ дэмжлэгт үндэслэн дээрх тайланг гаргасан байна.
Сирийн хямралыг шийдвэрлэх улс төрийн үйл явц энэ оны хоёрдугаар сараас эхлэх бөгөөд нийт 18 сар үргэлжилнэ гэж тооцоолж байгаа юм.
Вашингтоны төлөвлөгөөний дагуу 2017 оны наймдугаар сард Сири улсад Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулах юм байна. Түүнчлэн Сирийн Үндсэн хуулийг шинэчлэх аж.
Сирийн иргэний дайн 2011 онд эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 250 мянган хүн амь насаа алджээ. Түүнчлэн иргэний дайны улмаас дөрвөн сая гаруй хүн хөрш зэргэлдээ болон Европын орнууд руу дүрвэжээ.
Тэгвэл Башар Асадыг огцруулбал Сири дэх иргэний дайн төгсөнө хэмээн Сирийн үндэсний хувьсгалт хүчний эвсэл, сөрөг хүчин болон барууныхан санал нэгтэй үздэг юм. Харин ОХУ Башар Асадыг дэмждэг нь барууны орнуудтай харилцаа муудах бас нэгэн шалтгаан болов.