Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ
Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан гэх шуурхай мэдээ ирлээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын төрийн мэдлийн төв телевиз баталгаажуулсан байна. Үүний өмнө Өмнөд Солонгос, Японы холбогдох албаныхан Умардад орон нутгийн цагаар 10-ын үед газар хөдлөлт болсон талаар мэдээлсэн юм. 5.1 баллын газар хөдлөлтийн голомт газрын өнгөн хэсэгтэй маш ойр бүртгэгдсэн байна. Үүнийг харгалзан үзвэл Умардад болсон газар хөдлөлт хүний үйл ажиллагаа, тэр дундаа цөмийн туршилтаас үүдсэн байж болзошгүй гэж хоёр орны эрх баригчид таамаглаж эхэлсэн юм.
Улмаар Умардын төв телевиз дээрх таамгийг баталгаажуулж, өнөө өглөө 10 цагт устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан болохыг зарласан Засгийн газрынхаа мэдэгдлийг уламжилсан байна. Тус мэдэгдэл ортой эсэхийг нягтлахаар Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам шуурхай хуралдаж байгаагийн зэрэгцээ Ерөнхийлөгч Пак Кын Хе Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө зарлан хуралдуулж байна. Мөн Японы Ерөнхий сайдын ажлын албанд холбогдох яам агентлагуудын дээд албан тушаалтнууд шуурхай уулзалт хийж байгаа юм.
Үнэн гэдэг нь батлагдвал энэ нь Умардын хийсэн цөмийн бөмбөгийн дөрөв дэх туршилт. Харин энэ туршилтдаа устөрөгчийн бөмбөг ашигласан анхны тохиолдол болох юм. Өмнө нь 2006, 2009, 2013 онд тус улс цөмийн бөмбөг туршиж байсан. Харин энэ удаад туршсан устөрөгчийн бөмбөг нь хүчин чадлаараа цөмийн бөмбөгөөс илүүд тооцогддог байна. Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан явдлыг Японы Засгийн газар үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзэн эрс буруушааж байгаагаа мэдэгдсэн байна.