Бан Ги Мүнд Ираны Элчин сайд захидал бичжээ
НЬЮ-ЙОРК. /IRNA/. Иран улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Голам Али Хошру НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд захидал бичиж, Иран дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд халдсан этгээдийг баривчлах талаар гаргаж буй хүчин чармайлтыг онцолжээ.
“Олон улсын холбогдох хууль, баримт бичгийг, ялангуяа, Консулын харилцааны тухай 1963 оны Венын конвенц, Дипломат харилцааны тухай 1961 оны Венын конвенцыг даган мөрдөж байгаагаа Лалын Бүгд Найрамдах Иран Улс дахин нотолж байна. Болсон хэрэгт буруутай этгээдүүдийг баривчлах талаар Иран бололцоотой бүхнийг хийх болно” гэж Хошру захидалдаа бичжээ. Хууль сахиулах байгууллага урьдчилан сэргийлэх талаар хүчин чармайлт гаргасан хэдий ч зарим жагсагч Саудын Арабын Элчин сайдын яаманд нэвтэрч, хохирол учруулсанд харамсаж буйгаа тэрбээр илэрхийлжээ.
Үүний сацуу лалын шиитийн нэр хүндтэй санваартан шейх Нимр Бакир аль-Нимрийг Саудын Араб цаазалсныг Ираны Элчин сайд өдөөн хатгасан үйлдэл хэмээн буруушаасан байна.