“Foreign Policy” 2016 онд гарч болзошгүй 10 дайныг жагсаажээ
МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийд зэвсэгт мөргөлдөөний тоо сүүлийн таван жилийн хугацаанд нэмэгдсэн бөгөөд 2016 онд цэргийн хямралыг зохицуулах салбарт байдал эрс сайжирна хэмээн найдах хэрэггүй гэж “Foreign Policy” сэтгүүлд бичжээ. Америкийн хэвлэл болох уг сэтгүүлийн тоймчид дэлхийн хамтын нийгэмлэг онцгой анхаарал хандуулах ёстой гэж өөрсдийнх нь үзэж байгаа хамгийн чухал 10 халуун цэгийн жагсаалтыг гаргасан байна.
“Foreign Policy” сэтгүүлийн тоймчдын үзэж буйгаар, Сири, Ирак, Өмнөд Судан, Афганистан, Йемен болон Чад улсад мөргөлдөөн үргэлжлэх нь хүмүүнлэгийн хамгийн харамсмаар уршиг дагуулж магадгүй. Жагсаалтад мөн Анкарагийн эрх баригчид курдуудтай зөрчилдөж байгаа Туркийн, мөн иргэний дайн үргэлжилж буй Ливи улсын дотоод мөргөлдөөнийг оруулжээ. Үүнээс гадна, одоогийн Ерөнхийлөгч нь гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасны улмаас хүн амын дунд дургүйцэл өсөн нэмэгдэж байгаа Бурундигийн байдал болон Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг АНУ сөрөн зогсохыг оролдож буй Өмнөд Хятадын тэнгисийн эргэн тойронд үүссэн байдал 2016 онд даамжирч магадгүй бөгөөд улмаар шинэ халуун цэгүүд үүсэхэд хүргэнэ гэж уг жагсаалтыг гаргагчид үзэж байна.
Дээрх мөргөлдөөнүүдэд гол зорилго, үзэл суртал нь дайныг хэлэлцээ хийх замаар зохицуулах боломж олгохгүй бөгөөд энэ нь энх тайван байдал тогтоох хүчин чармайлтыг устгаж байгаа хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүд татагдан орсон учир жагсаалтад орсон мөргөлдөөнүүдийн ихэнхийг шийдвэрлэх аргагүй гэж “Foreign Policy” сэтгүүлд бичжээ.
Тус сэтгүүлийн тоймчдын үзэж байгаагаар, жагсаалтад оруулсан мөргөлдөөнүүдийн ихэнх нь дэлхийн улс төрийн үйл явцад оролцогч бүх талын хооронд хэд хэдэн түвшинд хамтран ажиллахыг шаардаж байна.
“Улс төрийн тохиролцооны тогтолцоог хэвийн болгоход улс орон хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, харилцан буулт хийх өчүүхэн боломжийг ч ашиглах ёстой” гэж “Foreign Policy” сэтгүүлд бичжээ.