Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасаллаа
Энэ сарын 2-нд Саудын Арабын эрх баригчид Исламын шашны Шийт урсгалыг номлогч, алдарт Шейх ал-Нимрийг цаазалсан хэргийг эсэргүүцсэн Иранчууд Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яам руу дайрсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэ хэргийн дараа Саудын Арабын эрх баригчид Ирантай тогтоосон дипломат харилцаагаа тасалж буй талаар тус улсын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр мэдэгдлээ.
Саудын Арабын Гадаад хэргийн яамнаас өчигдөр /01.03/ гаргасан мэдэгдэлд Ираны дипломат төлөөлөгчид 48 цагийн дотор тус улсыг орхин гарах ёстой гэжээ.
Түүнчлэн "Саудын Арабын Элчин сайдын яам руу халдсан хэрэг олон улсын конвенцыг зөрчиж байна. Мөн Ираны босогчид манай улс болон бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэхийг зөвшөөрөхгүй" гэсэн юм.
Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яам руу халдсан хэргээр Ираны цагдаа нар 40 гаруй хүнийг баривчлан саатуулаад байна.
Үүнтэй төстэй эсэргүүцлийн жагсаал шийтүүд ихээр амьдардаг Саудын Арабын баруун хэсэгт болон Ирак, Бахрейн зэрэг улсуудад мөн зохион байгуулагджээ.