Саудын Арабын ЭСЯ-ны байр руу дайрчээ
Саудын Арабын эрх баригчид шийт шашны санваартан, аятолла Нимр аль-Нимрийг цаазалсны дараа бүс нутагт шашин хоорондын дайн, мөргөлдөөн дэгдэж магадгүй болоод байна. Тэр тусмаа Иран улс шийт шашны нэртэй зүтгэлтнийг цаазалсныг эрс эсэргүүцэж байгаа аж. Тегеран хотод Эр-Риядын шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс Саудын Арабын Элчин сайдын яамны байр руу дайрч оржээ. Жагсагчид дипломат төлөөлөгчийн газрын газар нутаг руу нэвтэрч тавилга, эд хогшлыг нь эвдэж, гал түймэр тавих гэж оролджээ. Цагдаа нар уурласан иргэдийг Элчин сайдын яамнаас гаргаж, гал сөнөөгчид түймрийг унтраасан байна. Ираны Гадаад хэргийн яам иргэдээ тайвшрахыг уриалж, дипломат төлөөлөгчийн газрын статусыг хүндэтгэхийг хүсчээ.
Мешхед хот дахь Саудын Арабын консулын газар мөн хилэгнэгчдийн довтолгоонд өртсөн мэдээ ирж байна. Иран иргэд шатаж, дэлбэрэх материалыг барилга руу шидэж консулын газрыг шатаах гэж оролджээ. Зарим идэвхтэн консулын газрын хашаа руу нэвтрэн орж Саудын Арабын далбааг буулгах гэж байсныг таслан зогсоосон аж. Саудын Арабт терроризмын хэргээр 47 хүнийг буруутгаж цаазалсан юм. Тэдний дунд Саудын Арабын харъяат, шийт шашны нэртэй санваартан, улс төрийн зүтгэлтэн Нимр аль-Нимр байсан. Тэрээр 2011 онд Эр-Риядын эсрэг ардчилсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж, шийт шашинтнуудыг хавчин гадуурхаж байгааг эсэргүүцэн тэмцэж байсан ажээ. 2014 оны аравдугаар сард түүнд цаазаар авах ял оноожээ.
Саудын Арабт шийт шашны нөлөө бүхий зүтгэлтнийг цаазалсан нь бүс нутагт шашин хоорондын мөргөлдөөн, хурцадмал байдлыг нэмэгдүүлж магадгүй хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ. “Ойрхи Дорнод дахь шашин хоорондын хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй үед ийм явдал болсон нь бидний сэтгэлийг зовоож байна” хэмээн тэрээр онцолжээ. Бүс нутгийн улс орны лидерүүд мөргөлдөөнийг намжаахад чиглэсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг АНУ уриалж байна. Европын холбооны гадаад бодлогын төлөөлөгч Федерика Могерини “Шийт шашны нэртэй зүтгэлтнийг цаазалсан нь аюултай үр дагавар авчирч магадгүй” хэмээн анхааруулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин