Трамп сонгуулийн кампанит ажилдаа долоо хоногт 2 сая ам.доллар зарцуулна
АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр горилогч, тэрбумтан Дональд Трамп ирэх сараас эхлэн сонгуулийн кампанит ажлынхаа сурталчилгаанд долоо хоногт хоёр сая америк доллар зарцуулахаар төлөвлөж байна. Ингэснээр тэрээр Айова, Нью-Хэмпшир, Өмнөд Каролина муж улсуудад мөрийн хөтөлбөрөө сурталчлах ажлаа эрчимжүүлэх юм байна.
Харин Нью-Йорк хотын захирагч Жорж Патаки Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн байна. Санал асуулгын дүнгээр төдийлөн дорвитой амжилт гаргаж чадаагүй учраас Патаки ийм шийдвэр гаргасан гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.
Том корпорациуд, лоббичдын халааснаас бус өөрийнхөө хөрөнгөөр сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлж байгаа нь өөрийнх нь хамгийн том давуу тал гэж Дональд Трамп үзэж байна. Тэрээр өнөөг хүртэл кампанит ажилдаа төдийлөн их хөрөнгө зараагүй ч Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр горилогчдыг итгэл төгс тэргүүлж байгаа. Иймээс ялалт байгуулах боломж ойрхон байна хэмээн Дональд Трамп дүгнэсэн байна.
Сүүлд явуулсан санал асуулгаар бүгд найрамдахчуудын 39 хувь нь Трампыг дэмжиж байгаа дүн гарсан. Судалгаанд оролцогчдын олонх нь Трампыг эдийн засгийн аюулыг гэтлэн давж, цагаачлалын асуудлыг шийдвэрлэх чадвартай хүн гэж үзэж байгаагийн зэрэгцээ терроризм, хэт даврах үзлийн эсрэг тэмцэлд манлайлагч байж чадна гэж харж байна.