Оны онцлох үйл явдал - Дэлхий дахинд
Дүрвэгсдийн жил
2015 он дүрвэгсдийн жил байлаа. Хөлөг онгоцоор хэдэн зуу, хэдэн мянгаар Европыг зорих дүрвэгсдийн урсгал тасрахгүй байна. Үймээн самуун, дайн дажин, хавчлага мөрдлөг, хүчирхийллээс дайжсан тэдгээр хүмүүс амар тайван амьдрал хайж ийн эх орноосоо дүрвэн зугатаж буй нь гарцаагүй.
Европ руу цагаачлах үзэгдэл өмнө ч байсан. Гэвч 2015 онд Европын орнууд урьд хожид байгаагүй их дүрвэгчдийг хүлээн авчээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын илтгэлд дурьдсанаар 2015 он бол дүрвэгсдийн тоо дэлхий даяар анх удаа 60 сая гарч, дээд амжилтыг эвдсэн жил ажээ. Энэ нь дэлхийн 122 хүн тутмын нэг нь эх орноо орхин гарч буй гэсэн үг юм. Энэ тоо өнгөрсөн 2014 оны эцсээр 59.5 сая байсан юм. Энэ жилийн дунд үед эх орноосоо дүрвэсэн хүмүүсийн тоо 34 сая хүрсэн нь 2014 оны мөн үеийнхээс даруй хоёр дахин их тоо юм. Өнгөрсөн гуравдугаар сард Йеменд иргэний дайн дэгдэхэд 933,500 хүн дүрвэсэн нь хамгийн олонд тооцогдож байна.
Европчуудыг наашаа харж инээж, цаашаа харж уйлах гэдэг шиг нөхцөл байдалд оруулаад буй дүрвэгсдийн тэр их урсгал хүмүүнлэгийн, ложистикийн болон улс төрийн хямрал үүсгэсэн билээ.
2015 онд юу болсон бэ?
Афганистан, Ойрхи Дорнодын ужиг хямрал, Сирийн иргэний дайн болон хэний ч таамаглаагүй алан хядагч Исламын улс (ИУ) бүлэглэл гэгч гарч ирсэн нь асар олон хүнийг орон гэрээ орхин, Европыг зориход хүргэсэн юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Европ руу гарах гэж байсан Ливийн дүрвэгсдийн хөлөг онгоц далайд сүйрч, живсэн эмгэнэлт хэргээс хойш дүрвэгсдийн асуудал олны анхаарлыг татаж эхэлсэн. Харамсалтай нь орон гэрээсээ дүрвэсэн тэдгээр хүмүүст бүгдэд нь аз тохиодоггүй. “Хил хязгааргүй эмч нар” олон улсын тусламжийн байгууллагын ерөнхийлөгч Лорис Де Филиппийн ярьж буйгаар Газар дундын тэнгист живсэн дүрвэгсдийн “чимээгүй хот” бий болоод байгаа ажээ.
Европын холбоо дүрвэгсдийн асуудлаар яаралтай арга хэмжээ авалгүй, хөдөлж ядаж байх зуур 3,692 хүн Европын эрэгт хүрч чадалгүй далайд осолдоод байна. Европыг зорьсон дүрвэгсэд голдуу Туркээс, Газар дундын тэнгис гатлан ирж байгаа юм. Тэдний дийлэнх нь Грект очдог ч аяллаа тэнд дуусгалгүй цаашаа илүү боломжтой Герман руу гарахыг илүүд үздэг. Гэвч тэнд ч аюул дуусахгүй. Нэгэн жишээ дурдахад Австри руу гарах гэж байсан 71 дүрвэгч ачааны машин дотор нас барсан байхыг олсон билээ. Гэвч ийм эрсдэл дүрвэгсдийн урсгал саарахад нөлөөлөхгүй байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо ч буурахгүй байна. Өнгөрсөн есдүгээр сард Туркийн эрэг дээр амиа алдсан гурван настай хүүгийн цогцос давалгаанд цохигдон эрэг дээр хаягдсан байсан юм. Аилан Курди хэмээх гуравхан настай жаахан хүүгийн үхэл дэлхий нийтийг хирдхийлгэж, Европын орнуудад дүрвэгсдийн асуудлаар яаралтай арга хэмжээ авахыг сануулсан. Грек, Македоноор дамжин Сербиэс Австри Унгар, Германыг зорьсон дүрвэгчдийг зарим орнууд угтан авч байгаа ч тэднийг амьтан шиг үзэх улс ч байгаа юм.
Европыг дайрсан дүрвэгсдийн урсгалууд
Дэлхийн I дайнаас хойш Европ эх орноосоо дайжсан дүрвэгсдийн үерийн урсгалд хэд хэдэн удаа автсан билээ. 1914 оны наймдугаар сард Нидерланд, Франц, Их Британийг зорьсон Бельгичүүдийн урт цуваа сонин дээр гарахад Европчууд ийм зүйл ахиж хэзээ ч гарахгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Нацистын Германд эзлэгдсэн эх орноо орхин дүрвэсэн тэдгээр хүмүүс хүүхдүүдээ тэврэн, хөтлөхийг нь хөтлөн үнэтэй гэсэн зүйлээ авч явж байв. Их Британид тухайн үед 250,000 дүрвэгчийг хүлээн авсан байдаг.
Дэлхийн хоёр дайны дунд үед ч дүрвэгсдийн цуваа зогссонгүй. Испани, Хятадаас ч хүмүүс олноороо Европыг зорьсон юм. 1945 онд эх орноосоо дайжсан, айдас хүйдэст автсан, өчүүхэн найдлагааас өөр зүйлгүй дүрвэгсдийн дүр зураг өнөөдрийнхөөс ялгаагүй байсан юм. Тэр үед 12 сая хүн Польш, Чехословак, ЗХУ-аас Герман руу дүрвэн гарсан юм.
Дайны дараах шилжилт
Дайны дараах дүрвэгсдийн зураг өмнөх үеийнхээс ялгаатай нь өнгөтөөр үлдсэн байдаг. Гэвч Америкчуудын бөмбөгдөлтөөс зугатсан Вьетнамын дүрвэгсдийн нүд зовлон, шаналлаар дүүрэн байв. Коммунист дэглэм, хавчлага мөрдлөгөөс зугатаж, Хонконг руу хэдэн мянган хүн дүрвэсэн.
1970-аад онд Кени, Иди Угандагаас хэдэн мянган дүрвэгч Их Британид очиход “Бидэнд дүрвэгч хэрэггүй”, “Гэртээ харь” гэсэн антогонист лоозон угтаж авсан нь өнөө үед бараг өөрчлөгдсөнгүй. Европыг зорьсон дүрвэгсдийн өмнөх урсгал нь 1998, 1999 оны Косовогийн Сербичүүдийн угсаатны цэвэрлэгээ гэх хядлагаас зугатсан Албаничууд байв. Европыг дайраад буй дүрвэгсдийн давлаыгаа өмнөхөөс ялгаатай нь дийлэнх нь мусульман шашинтнууд байгаад учир нь байгаа билээ.
Харамсалтай нь сүүлийн үед дэлхий нийтийг цочирдуулсан аймшигт халдлага, алан хядлагыг мусульман шашинтнууд үйлдсэн бөгөөд тэд барууны ертөнцийг буруу номтнууд гэж дайн зарласан юм. Энэ бүхэн нь мусульман шашинт голдуу тэдгээр дүрвэгчдийг аюул гэж харагдуулж байгаа нь илэрхий.
Дүрвэгсдийн урсгал саарах уу?
Дүрвэгсдийн урсгал ирэх онд зогсох эсэхийг хэн ч хэлж чадахгүй. Учир нь Сири, Афганистан, Ирак дахь үймээн самуун, дайн үргэлжилсэн хэвээр байна. Дээр нь Африкаас Европыг зорих цагаач, дүрвэгчдийн урсгал татраагүй байна.
Дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Ойрхи Дорнодын хямралыг арилгахаас өмнө Европын орнуудад орогнол хүссэн хэдэн зуун мянган дүрвэгчийн асуудлыг шийдэх хариуцлага тулгарч байна. Үүний хажуугаар Турк, Йордан болон бусад оронд бий болсон дүрвэгсдийн хуарангууд толгойн өвчин болж үлдэж байна. АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол асуудал нь Сирийн дүрвэгсдийн асуудлаар ямар арга хэмжээ авах тухай байгаа юм.
Н.ЭНХ
НҮБ-ын 70 жилийн ой тохиов
Өнгөрч буй 2015 оны дэлхийн онцлох гол үйл явдлуудын нэг бол НҮБ-ын 70 жилийн ой байлаа.
1941-1945 он: НҮБ-ыг үүсгэн байгуулав (НҮБ фото)
70 жилийн ойг өнгөрсөн зургадугаар сараас хойш соёл урлагийн арга хэмжээний хүрээнд тэмдэглэж, дүрмийг баталсан аравдугаар сарын 24-нд дэлхий нийтээр НҮБ-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. НҮБ-ын ойн өдөр дэлхийн 90 гаруй орны түүхийн дурсгалт, улсын бэлгэдэл болсон 350 гаруй барилга байгууламжийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлжээ.
Дэлхийн II дайны сүүлийн жил буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 25-аас зургадугаар сарын 26-ны хооронд Сан-Франциско хотноо 50 орны төлөөлөгчид цуглан хуралдаж, энх тайвныг дэмжин, илүү сайхан дэлхийг бий болгохыг зорилго дор Нэгдсэн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулах тунхгийг баталсан юм. НҮБ-ыг байгуулах саналыг Хятад, Зөвлөлт холбоот улс, Их Британи, АНУ хамтран гаргажээ. Эдгээр орнууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон юм. Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэн байна.
1945 он Сан-Франциско хот
НҮБ нь энхийг сахиулах, зөрчлөөс сэргийлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэргээр олон тооны агентлаг, сан, төсөл хөтөлбөрийнхөө дагуу дэлхийн өнцөг булан бүрд хүрч ажилладаг. Гэхдээ НҮБ-д үндсэн дөрвөн зорилго байдаг нь дэлхий дахинд энх тайвныг хадгалах, улс орнуудын хооронд нөхөрлөл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улс хамтдаа ядуурал, өлсгөлөн, өвчин тахалтай тэмцэж, бичиг үсэг тайлагдах, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд дэмжин ажиллах, эдгээр зорилгод хүрэхийн тулд улс бүр үйл ажиллагаандаа анхаарах зэрэг аж.
1946-1955 он: Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлав. (НҮБ фото)
НҮБ-ын төв байр АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөний 44-46 дугаар гудамжид байрладаг. Нийт 69 мянган га газрыг нь тухайн үед 8.5 сая ам.доллараар авч байсан гэдэг. Харин Монгол улс 1964 онд одоогийн Суурин төлөөлөгчийн газрын зургаан давхар байрыг худалдан авсан ажээ.
Нью-Йорк хот НҮБ-ын төв байр
Өдгөө НҮБ нь Ерөнхий ассамблейн хурлаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх 193 гишүүн оронтой хамгийн том олон улсын байгууллага болсон байна. НҮБ нь Ерөнхий ассамблей, Аюулгүйн зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Ажлын алба, Олон улсын шүүх үндсэн таван байгууллагатай.
НҮБ-ыг үүсгэн байгуулах гишүүн орнуудын хуралдаан
Үүнээс гадна НҮБ-ын нь 30 гаруй салбар байгууллага, хөтөлбөр, сан, тусгай агентлагаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг албан бусаар “НҮБ-ын гэр бүл” гэх бөгөөд тус бүрдээ гишүүн орнуудтай, удирдлага, төсөвтэй байдаг. Эдгээр нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр /UNDP/, НҮБ-ын хүүхдийн сан /UNICEF/, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд зөвлөл /UNHCR/, НҮБ-ын Хүнсний хөтөлбөр /WFP/, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /UNODC/, НҮБ-ын Хүн амын сан /UNFPA/, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр /UNEP/, НҮБ-ын нийгмийн халамжийн бүлгийн болон ажил агентлаг (UNRWA), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага /UN Women/, НҮБ-ын хүн амын суурьшлын хөтөлбөр /UN-Habitat/, НҮБ-ын тусгай агентлагууд /UN Specialized Agencies/, Дэлхийн банк /World bank/, Олон улсын валютын сан /IMF/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /UNESCO/, Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO/, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/, Хөлөө аж ахуйн хөгжлийн төлөөх олон улсын сан /IFAD/, Олон улсын далайн байгууллага /IMO/, Дэлхийн цаг уурын байгууллага /WMO/, Дэлхийн оюуны өмчийн байгууллага /WIPO/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын харилцаа холбооны байгууллага /ITU/, НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллага /UNIDO/, дэлхийн шуудангийн холбоо /UPU/, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /UNWTO/ зэрэг юм.
1956-1965 он: НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа /UNEF/ (НҮБ фото)
НҮБ нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд дэлхийн зөрчил мөргөлдөөний халуун цэгүүдэд 69 энхийг сахиулах болон ажиглалтын ажиллагаа явуулж, энх тайван аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэжээ. Өдгөө олон улсад 16 энхийг сахиулах ажиллагаа үргэлжилж, 120 орны 125 мянган цэрэг үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. НҮБ-ын зуучлал болон НҮБ-ын дэмжлэгтэй гуравдагч орны санаачилгын ачаар 1990-ээд оноос хойш олон тооны зөрчил мөргөлдөөнийг зогсоожээ. Үүнд Сьерра-Леоне, Либери, Бурунди, Хойд-Өмнөд Судан, Балба улсыг нэрлэж болно.
1998 оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газраас зохион байгуулдаг цэргийн ажиглагчийн дамжаанд монгол офицеруудыг сургаж эхэлсэн. 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас тогтоол баталсны дагуу цэргүүдийг сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж эхэлжээ.
Мөн Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA) гэх цөмийн зааварлагч байгууллагын тусламжтайгаар өнгөрсөн 50 жилд цөмийн эрчим хүчнийг энхийн зориулалтаар ашиглахад хяналт тавьж иржээ. Хамгийн сүүлд энэ онд Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг баталснаар Ойрхи-Дорнодын тогтвортой байдлын эсрэг нэгэн том аюулаас сэргийлж чадахаар болсон юм.
Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг баталсны дараа
Үүний зэрэгцээ химийн зэвсгийг хориглох конвенц /190 орон гишүүнчлэлтэй/, мина ашиглахыг хориглох конвенц /162 орон гишүүнчлэлтэй/, зэвсгийн худалдааны гэрээг /69 орон багтсан/ баталж, үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг арга хэмжээ авч ажилласан байна. Мөн өнгөрсөн онд Сири химийн зэвсгийг хориглох конвенцэд нэгдэж, тус улс дахь нөөцийг устгах ажиллагааг явуулсан билээ.
химийн зэвсгийг хориглох байгууллагын мэргэжилтнүүд
Түүнчлэн терроризмтой тэмцэхэд улс орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлж 2006 онд анх удаа олон улсын стратегийг баталжээ. Ерөнхийдөө НҮБ-ын өнгөрсөн 70 жилийн ажлыг дүгнэвэл хүн төрөлхтний энх тайвны төлөө, хүний эрх, эхийн эрүүл мэндийг дэмжиж, ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, дүрвэгсдэд болон тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунгаж, хүн бүр суурь боловсрол эзэмших, хүүхэд бүр вакцинжуулалтад хамрагдахад анхаарч, олон улсыг цөмийн зэвсэглэлээс татгалзахыг уриалж, зөрчил, мөргөлдөөнөөс сэргийлэн ажиллажээ.
Б.АНХТУЯА
НҮБ-ыг үүсгэн байгуулах хуралдааны үеэр
1966-1975 он: Стокгольм НҮБ-ын Байгаль орчны бага хурал
1976-1985 он: НҮБ-ын эмэгтэйчүүдийн 10 жилийг зарлав (НҮБ фото/ гэрэл зургийг Милтон Грант)
/1986-1995 он/ Олон улсын эрүүгийн шүүхэд хуучин Югославын дайны гэмт хэргийг шүүн хэлэлцжээ. (НҮБ фото/Графман)
/1996-2005 он/ ХДХВ/ДОХ-ын асуудлаарх Ерөнхий ассамблейн тусгай хурлын үеэр /Эскиндер Дебебе/
2006-2015 он: Рио +20 ба Бидний хүсч буй ирээдүй (НҮБ фото/ Мариа Элиза Франко)
Хамгийн тааруу эдийн засаг
-2015 он Грек, Орос хоёрт хүндхэн туслаа-
Жил бүр маш чухал, эргэлтийн гэж тодорхойлж болохуйц цаг үед бид амьдарч байна. Берлиний хана нурсан үеэс хойш хуучин тогтсон дэлхийн бүтцэд элэгдэл явагдсаар байгаа билээ. Гэвч улиран одож буй 2015 онд дэлхийн шинэ бүтэц тогтнолын ирээдүйн зураглалыг гаргаж чадсангүй. Бид шинэ тогтцын зарим нэг шинж тэмдгийг л харж байна.
Өнгөрч буй онд дэлхийн эдийн засгийн системийн бүтцийг өөрчлөх хандлага ажиглагдлаа. Аравдугаар сард АНУ ба Ази, Номхон далайн бүсийн 11 улс орон Номхон далайг дамжсан худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ гэрээнд гарын үсгээ зурлаа. Энэ гэрээ нь Дэлхийн худалдааны байгууллагын журамд харшлахгүй ч тус байгууллагын үнэ цэнийг буулгалаа. Гэхдээ тэр нь Хятадыг барих зорилготойг хэн ч нууж хаахгүй байна. Обама Хятадтай найрамдая гэж ярьж байгаа ч Азид чиглэсэн бодлогоо зарлан, Хятадад “байр сууриа мэд” гэсэн сануулгыг өгсөөр байна. Азийн бүсэд цэргийн хурцадмал байдал ч бусад улс орнуудад таалагдахгүй хэвээр. АНУ Хятадын газар нутгийн маргааныг зөв биш гэсэн хатуу байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Үүний зэрэгцээ өнгөрсөн зун Хятадад хөрөнгийн биржийн хямрал болов. Тэрхүү хямрал үүсэнгүүт л Хятадын эдийн засгийн халалтын талаар яригдаад эхэлсэн билээ. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсныг шинэ хэм хэмжээ гэж болох уу? Хятадын эдийн засгийн өсөлт саарсанд муу зүйл байхгүй, харин тэр нь ч зүгээр гэж үзүүлэхийг хичээж ирэв. Гэхдээ энд итгэх аргагүй. Хятадын торгон замын эдийн засгийн бүс гэсэн өмнөх төсөл шавхагдаж байгаатай холбоотой байж мэднэ. Тэр нь Евроази, Орост ашигтай юм.
Гэтэл Хятад Баруунд илүүтэй хандаж байна. Учир нь одоо Хятадын Азид явуулж байгаа бодлого бүр нь тэдний зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тийм учраас баруунд хандах нь тус улсын хувьд зөв юм. Мөн Хятад эдийн засгийн хоцрогдолтой яваа баруун хойд бүсүүдээ хөгжүүлэхийн төлөө байгаа нь ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй. Дээр нь Торгон замын эдийн засгийн бүс нь Хятадад эдийн засгийн түрэмгийлэл хийх боломжийг гарган үйлдвэрлэлийг нь ачаалалтай болгон өгч байгаа.
Тийм ч учраас Оросууд баруунтай байдал хурцдангуут зүүн тийш эргэх бодлогоо энэ жил эрчимтэй явууллаа. Тэр нь оросуудад ашигтай. Оросууд энэ зуунд юу ч хийгээгүй Ази дахь харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай тулгараад байна. Гэхдээ Азийн бүс нутаг нь олон төрлийн сонирхлууд солбилцсон ээдрээтэй нутаг. Үүнд олон жилийн тасралтгүй ажиллагаа хэрэгтэй бөгөөд оросууд энэ чиглэлээр гэрийн даалгавраа биелүүлээгүйг өнгөрч буй он харууллаа. Тэдний түншүүд Хятад руу эргэх хандлагатай болов.
Орос, Хятадын улс төрийн харилцаа маш өндөр төвшинд гарч ирэв. Гэхдээ Хятад эдийн засгийн хамтын ажиллагаанд улс орондоо гарзтай зүйл хийхгүй нь ойлгомжтой.
Ерөнхийд нь дүгнэвэл өнгөрч буй он дэлхийн эдийн засагт хамгийн тааруу жилүүдийн нэг боллоо. 2015 он Грек, Орос хоёрт хүндхэн туслаа. Грекийн өрийн асуудал оны эхэнд ихээхэн яригда, тэр нь улс төрд нь ч нөлөөлөн шинэ намыг засгийн эрхэнд гаргалаа. Тэд хэчнээн зүтгэсэн ч байдал дээрдсэнгүй. Грекийн эрх баригчид зээлдүүлэгч нартайгаа тохиролцон, дахин тусламж авч, түүнийхээ ачаар арайхийн тэсч байна.
АНУ-ын занарын нефтийн хувьсгалтай ОРЕС-ийн хийсэн тэмцэл хувьсгалыг нь алдагдалтай болгон сааруулсан ч нефтийн үнэ байнга унасаар, зарим үед 2000-аад оны эхэн үеийн төвшинд хүргэлээ. Тэр нь нефтийн хамааралтай Орос болон Ойрхи Дорнодын орнуудын эдийн засгийг уналтад орууллаа. Мөн Оросын эсрэг авсан Барууны хориг арга хэмжээ ч эдийн засгийн уналтад нь нөлөөлсөн юм. Нефтийн үнийн уналтыг дагаад олон улс орны валютын ханш нурлаа. Мөнгөний ханшны уналт нефтийн улс орнуудад хүчтэй нөлөөлж байна.