Сомали улс шинэ жилийн баярыг хориглолоо
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг дэлхийн даяарх христийн шашинт улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл Сомали улсын Засгийн газар Крисмас болон шинэ жилийн баяр наадмыг тэмдэглэхийг хориглох шийдвэрийг гаргажээ.
Учир нь албаныхан эдгээр баяр ёслолыг Лалын шашны хууль журам, соёлд харш гэж үзсэн байна. Үүнээс өмнө Брунейн Султан үүнтэй яг ижил шийдвэрийг гаргаж байсан билээ.
Түүнчлэн Сомалийн Шашны хэрэг эрхлэх яамнаас эл өдрүүдэд нийслэл Могадишу хотноо ямар нэг байдлаар цуглаан зохион байгуулахгүй байхыг хүчний байгууллагынханд анхааруулсан байна.
Мөн яамны төлөөлөгч “Крисмас болон шинэ жилтэй холбоотой тэмдэглэлт баяр ёслол нь Лалын хууль журам, соёлд харш тул нийтээр эдгээр өдрүүдийг тэмдэглэх өнгөрүүлэхгүй байх шаардлагатай” гэжээ. Крисмас буюу зул сарын баяр нь Христийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг баяр билээ.