Al Jazeera: Монголд амьсгалахын төлөө тэмцэж байна

2015 оны 12 сарын 24

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол зэрэг нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй ноцтой асуудал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ гаргасан судалгаагаар агаарын бохирдлын улмаас амиа алддаг хүмүүсийн ихэнх нь Ази тивд амьдардаг аж.

Тэгвэл Катарын Аль-Жазира агентлаг Монголын агаарын бохирдлын талаар "Монгол амьсгалахын төлөө тэмцэж байна" нэртэй нийтлэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

АГААРЫН БОХИРДОЛ УРАГТ НӨЛӨӨЛЖ БАЙНА

Дөнгөж есдүгээр сар болж байгаа ч анхны цас орлоо. Энэ өвөл хахир хүйтэн өвөл болохыг Отгонтуяа аль хэдийнэ мэдэж байлаа. Тэрбээр зузаан хүрмээ тайлан зочны өрөөндөө ягаан хуванцар сандал дээр сууж, уйлж буй хүүхдээ хөхүүлж байна.

Отгонтуяа гэр хорооллын хэцүү замыг туулж гэртээ дөнгөж ирсэн нь энэ. Цаг агаар сайхан үед ч тээврийн хэрэгслүүд Отгонтуяагийн амьдардаг гэр хорооллын бартааг туулах гэж зүдэрдэг.

Өвлийн улиралд Улаанбаатар хот мананд хучигдаж, XVII зууны үеийн Англи шиг харагдана.

Тэрбээр 28 настай, нөхөр хүүхдүүдтэйгээ амьдардаг бөгөөд гэрээр хувцас оёж, хүүхдүүдээ хардаг. Өвөр дээрээ суулгасан нэг ойтой охин руугаа хараад “Би хүүхдүүдийнхээ төлөө амьдарч байна” гэж хэллээ.

Өвөл тэсгим хүйтнээс гадна энэ хорвоод мэндэлж чадаагүй хүүхдийнх нь тухай гунигтай дурсамжийг түүнд авчирдаг. Отгонтуяа зургаан жилийн өмнө жирэмсэн болжээ. Эхэндээ жирэмслэлт хэвийн явагдаж байсан ч эмчийн үзлэгээр хүүхэд нь өсөлтгүй болсныг хэлсэн байна. Хүүхэд нь 12 долоо хоногтой зулбасан байжээ. Үүнд Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол нөлөөлсөн хэмээн эмч нар хэлсэн байна.

Отгонтуяагийн түүх бол тийм ч ховор тохиолдол биш. Учир нь Улаанбаатар хотод агаарын бохирдлын улмаас хүүхдээ алдсан эцэг эхчүүд олон байдаг аж. “Агаарын бохирдлын асуудал олон жилийн турш байсаар ирсэн. Гэхдээ энэ нь хэний ч санааг зовоохгүй байгаад асуудлын гол оршиж байна” гэж тэрбээр ярилаа.

Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд 1.5 сая орчим оршин суугчдынх нь 60 орчим хувь нь хотын захын гэр хороолол, уламжлалт эсгий гэр, тоосгон байшинд амьдардаг. Гэр хороололд ариун цэврийн байгууламж байхгүй. Түүнчлэн бохир усны систем, цахилгаан, төв халаалтын системд холбогдоогүй. Оршин суугчид төмөр зуухандаа хуванцар, резин, хог болон хямд нүүрс түлдэг байна. Үүний улмаас Улаанбаатар хот өтгөн утаанд хучигдаж, нэвтэршгүй манан дунд оршино. Арваннэгээс хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх өвлийн улиралд Улаанбаатар хот мананд хучигдаж, XVII зууны үеийн Англи шиг харагдана.

Монгол улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг болж байсан 2000-аад оны үед агаарын бохирдол газар авч эхэлжээ.

Тухайн үед зудтай хүндхэн өвөл болж, олон мал үхсэн юм. Энэ үед малчид эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн боломж хайн Улаанбаатар хот руу шилжин суурьшиж эхэлжээ. Хотод шилжин ирэгсэд газар худалдан авч, тэндээ Монголын уламжлалт эсгий гэрт зуух ашигладаг байсан бөгөөд үүнийгээ дагаад агаарын бохирдол нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод нас барагсдын 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлын улмаас хорвоог орхиж байна

2010 он гэхэд нийслэл Улаанбаатар хотод 800 мянга гаруй шинэ оршин суугч байжээ. Тус онд ДЭМБ-аас хамгийн их агаарын бохирдолтой хотуудын судалгааг гаргасан. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хот хоёрдугаарт жагсжээ. Харин дэлхийн хамгийн их бохирдолтой хотоор Ираны Ахваз хот ордог байна.

Хоёр жилийн дараа Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын дүүргүүдийн агаарын бохирдол Монгол улсын заасан стандартаас 10 дахин их хортой байгааг тогтоожээ.

Шатсан нүүрснээс гарах хорт утаа астма, уушгины үрэвсэл, зүрхний өвчин, уушгины хорт хавдар, тэр ч байтугай эрт нас баралтын шалтгаан болдог. Канадын Барнаби дахь Саймон Фрейзер их сургуулийн судлаачдын 2011 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод нас барагсдын 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлын улмаас хорвоог орхиж буйг тогтоожээ.

Тэгвэл одоо агаарын бохирдол жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд хэрхэн нөлөөлөхийг харъя.

АНУ-ын Лос-Анжелес хотын Хүүхдийн эмнэлгийн “Сабан” эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2014 онд гаргасан тайланд Монголын улирлын шинжтэй агаарын бохирдол болон ургийн эндэгдэл хооронд статистик хамаарал байгааг тогтоосон тухай дурджээ.

Судалгаанд 10 мянган эмэгтэй оролцсон бөгөөд улирлын болон цаг агаарын нөхцөл байдал үр хөндөлтөд хэрхэн нөлөөлж буй харилцан хамаарлыг судалсан байна. Тавдугаар сард жирэмсэн 1000 эмэгтэй тутмын 23 нь сайн дураараа үр хөндүүлж байсан нь агаарын температур -40 хэм хүрдэг арванхоёрдугаар сард 73 болж өссөн байна.

Агаарын бохирдол уурагт хэрхэн нөлөөлж байгааг судалж байгаа хэдий ч агаарын бохирдол жирэмсэн эхчүүдэд нөлөөлдгийг Монголын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн профессор Л.Дэлгэрзул нотолж байна.

Тэрбээр агаар дахь хорт бодисын түвшин өндөр байгаа үед буюу арваннэгээс нэгдүгээр сарын хооронд үр хөндөлт илүү их байдгийг ажиглажээ. “Дээрх гурван сарын дотор жирэмсэлсэн тохиолдолд хүүхдээ гүйцэд тээж боломжгүй, алдах магадлал маш өндөр. Манай Засгийн газар эмэгтэйчүүдийг олон хүүхэдтэй болохыг уриалдаг. Гэвч хүүхдүүд эрүүл орчинд өсөж, бойжих тал дээр анхаарлаа хандуулдаггүй" гэж ярив.

Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой хотуудын хоёрдугаарт жагсдаг.

Сонгино-Хайрхан дүүрэгт амьдардаг 15 мянган оршин суугчид эмнэлгийн тусламж үзүүлдэг ганц эмнэлэг бий. Зургаан эмч, дөрвөн сувилагч тус эмнэлэгт ажилладаг. Ихэнх эмэгтэй эмнэлэгт үзүүлэхийн тулд маш хол замыг явган туулна. Үүний улмаас заримдаа жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авахыг тулд хэдэн ч цагаар хүлээх шаардлага гардаг байна.

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шинээр шилжин ирсэн хүмүүсийн ихэнх нь ямар ч бүртгэлгүй байдгийн улмаас жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авч чадахгүй байх тохиолдол их бий.

“Шинээр шилжин ирсэн хүмүүсийн ихэнх нь ямар ч бүртгэлгүй, зөвшөөрөлгүйгээр энд суурьшсан. Үүний улмаас бид жирэмсэн эмэгтэйчүүдэд тусламж үзүүлж чаддаггүй” гэж СХД-ийн эмнэлгийн сувилагч Яамсүрэн хэллээ.

Гэр хороололд хүүхэд хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байгаагийн улмаас ургийн гажигтай эсвэл өсөлтгүй төрөх нь ихэссэн байна.

Тайванжаргал 37 настай, нөхөр болон зургаан хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт амьдардаг. Тэрээр одоо жирэмсэн бөгөөд арванхоёрдугаар сард төрнө. Эмч нар хүүхэд нь ургийн гажигтай байх магадгүй гэж сануулсан учир Тайванжаргал хүүхдийнхээ төлөө маш их санаа зовж байна.

"Энд байдаг ихэнх жирэмсэн эхчүүд агаарын бохирдол тэд болон тэдний хүүхдүүдийн аль алинд нь өвчин үүсгэж байгаа талаар ярьдаг. Өвөл бид өтгөн манан, утааны улмаас гадаа байгаа зарим зүйлийг харах боломжгүй болдог. Хувцсанд утааны үнэр шингэсэн байдаг. Үүний улмаас хүүхдүүд байнга өвддөг” гэж тэрээр хэллээ.

Тайванжаргалын гэр бүл агаарын бохирдлын нөлөөг аль хэдийн мэдэрч амжжээ. Түүний хөвгүүдийн нэг нь цус багадалт болон мэдрэлийн гаралтай өвчин туссан байна. Олон улсын ашгийн бус байгууллагаас тусламж авсны дараа хүүгийн биеийн байдал сайжирсан аж.

2013 онд Улаанбаатар хотын гэр хорооллын бохир усны систем, авто замын дэд бүтцийг сайжруулах төлөвлөгөөг баталсан байна. Тус төлөвлөгөө гэр хорооллын дүүрэгт амьдарч буй зарим иргэд орон сууц руу суурьших боломж олгох юм. Тодруулбал Засгийн газар оршин суугчид газрыг авч оронд нь бохир ус, төвийн халаалтын системд холбогдсон орон сууцнаас байр өгнө гэсэн үг юм.

Гэвч бүх хүн энэхүү саналыг хүлээн авсангүй. Зарим иргэн газраа өгөөд орон гэргүй үлдэх бий гэж санаа зовж байгаа юм.

Болормаа 29 настай гэр хороололд амьдардаг бөгөөд хүүхдээ тээж байхдаа амьсгалын замын өвчнөөр өвджээ. Тэрбээр дулаан орон сууцанд амьдрахыг мөрөөддөг. “Хүүхдүүд маань эрүүл саруул өснө. Тэнд ямар ч бохир орчин бохирдол байхгүй. Нүүрс усны талаар санаа зовох хэрэггүй болно" гэж Болормаа ярив.

Гэхдээ тэрбээр газраа байраар солих Засгийн газрын саналыг хүлээн авахаас болгоомжилж байгаа юм. Мэдээж газар ч үгүй ч байр ч үгүй үлдэх бий гэсэн айдастай байна.

Оршин суугчид бичин гарч буйтаа холбоотой сэтгэл зовниж буйгаа нуусангүй. Учир Монголд эрт дээр үеэс эхлэн өвгөчүүл бичин жилийн зудын талаар халаглан ярьж, бэлтгэл ажлаа базаахыг сануулдаг байжээ.

Олон жилийн турш гэр хороололд амьдарсны дараа хоёр сарын өмнө 29 настай Энхзул нөхөр гурван хүүхдийн хамт орон сууцны подвал руу нүүжээ. Гэвч тэнд их давчуу, цонхгүй. Нэг давхарт хэрэлдэж, зодолдож буй хүмүүсийн чимээг тэр байнга сонсдог. Чийгтэйн улмаас Энхзул суулгалт өвчин тусаж, хоёр сарын турш эмчилгээ хийлгэжээ. Түүнд подвалд амьдрах нь гэрт амьдрахаасаа илүү сайхан байдаг аж.

“Хүмүүс хаа сайгүй тамхи татдаг. Эхэндээ хэцүү байсан. Гэхдээ төвлөрсөн халаалттай учраас энд хамаагүй дээр юм" гэж тэрбээр уйлж буй хүүгийнхээ живхийг сольж байхдаа хэллээ.

Хотын нөгөө захад амьдарч буй Отгонтуяа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хүлээлгийн өрөөнд сууна. Тэрбээр олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг бөгөөд тэдэндээ сайхан амьдрал бэлэглэхийг мөрөөддөг.

"Мэдээж би агаарын бохирдолд санаа зовж байна. Гэхдээ би юу хийж чадах билээ? Би зүгээр л эрсдэлийг өөртөө үүрч байна" гэж Отгонтуяа ярив.

Эх сурвалж: Al Jazeera

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27206
0 эможи
keyboard_arrow_up