Жеб Буш: ОХУ дэлхийн тавцан дахь нөлөөгөө бэхжүүлжсээр, харин АНУ түүнийгээ алдаж байна
ОХУ олон улсын тавцан дахь нөлөөгөө бэхжүүлж байхад, харин АНУ эсрэгээрээ түүнийгээ алдаж байна хэмээн ирэх 2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, Флорида муж улсын амбан захирагч асан Жеб Буш хэллээ.
ОХУ-ын удирдагч Владимир Путин АНУ-ын холбоотон биш бөгөөд Америкийн шинэ төрийн тэргүүн Ойрхи Дорнодод ч, Европт ч улс орныхоо ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж Жеб Буш үзэж байгаа юм.
Түүнчлэн тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Путинийг “атаман” буюу танхай этгээд хэмээн нэрлээд АНУ тус улстай бат бэх байр суурьтай байх ёстой гэжээ. “ОХУ бол хүчирхэг. Гэхдээ миний хувьд АНУ ОХУ-ын эсрэг байр суурьтай гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Орос бол Европын улс байх ёстой. Путин бол танхай, дээрэлхүү хүн. Ийм хүн хүнтэй ямар аргаар харилцах нь тодорхой. ОХУ хөрш зэргэлдээ улсууд руугаа довтолж эхэллээ. Бүр өөрсдийнх нь нэг хэсэг байсан улс руу довтолж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэжээ.
Жон Эллис Буш нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гэр бүлийнхээ гурав дахь гишүүн болж байгаа юм. Өмнө нь түүний аав Жорж Герберт Буш болон ах Жорж Уокер Буш нар АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Гэвч тэрээр гэр бүлийнхээ нэр нөлөөгөөр дэмжлэг авахаас зайлсхийж байгаа бололтой. Учир нь, хоёр ч удаа Флорида мужийн сонгуульд өрсөлдөж байсантай адил тэрээр өөрийн овгийг бус өөрийн нэрийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байгаа юм.