Дунд сургуульд бөмбөг байршуулсан хэмээн мэдэгджээ
Унгар улсын нийслэл Будапешт хотноо байрлах Британийн дунд сургуульд террористууд тэсрэх бөмбөг байршуулсан хэмээн мэдэгдэж, тус улсын удирдлагуудыг заналхийлжээ. Үл таних этгээд цагдаагийн газар руу залгаад “Сургуулийн өмнөх талбайд тэсрэх бөмбөг байршуулсан. Тун удахгүй цус урсч, биднийг санан дурсах болно” гэж хэлжээ.
Энэхүү дуудлагын дараа Унгарын цагдаа нар сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Цагдаа нар үнэрч нохойны тусламжтай тэсрэх бөмбөгийг хайсан ч ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй гэнэ. Будапешт хотноо суугаа Британийн элчин сайдын газар “Энэ асуудалд тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар болсон” гэж мэдэгджээ. Сургуулийн удирдлагууд цагдаагийн газар руу залгасан этгээдийг баривчлах хүртэл сурагчдыг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн байна.