“Ясукуни”-ийн дэлбэрэлтэд Солонгос эрэгтэйг сэжиглэжээ
Японы милитаризмын бэлгэдэлд тооцогддог “Ясукуни” сүмд гарсан дэлбэрэлтэд Өмнөд Солонгосын эрэгтэйг сэжиглэж байна. Токио хотноо орших сүмийн ариун цэврийн өрөөнд өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлбэрэлт гарсан юм. Дэлбэрэлтэд хүн гэмтэж бэртээгүй юм.
Энэ хэрэгт сэжиглэн Өмнөд Солонгосын иргэн 27 настай Жеон Чан-хан гэгчийг өнөөдөр /XII.9/ баривчилсан байна. Сэжигтэн Японы албаныхны хүсэлтээр Токио хотноо хүрэлцэн иржээ. Японы мөрдөн шалгах албаныхан хяналтын камерын бичлэгт /ССТV/ үндэслэн Жеон Чан-ханыг сэжиглэж байгаа аж. Тэрбээр дэлбэрэлт болсны дараа Японоос буцсан байжээ.
“Ясукуни” сүмд дайнд амь үрэгдсэн Японы 2,5 сая цэрэг, офицерийн /тэдний тоонд 14 цэргийн гэмт хэрэгтэн багтдаг/ хойчийн буяныг унших ёслол хийдэг. Японы засгийн газрын албаныхан энэ сүмд мөргөл үйлдэх нь Өмнөд Солонгос болон Хятадын зүгээс байнга эсэргүүцэл, шүүмжлэл дагуулдаг.