Барак Обама терроризмыг даван гарахаа мэдэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сан Бернардинод болсон үймээний талаар Цагаан ордонд мэдэгдэл хийлээ. Тэрбээр“Сан Бернардинод баяр тэмдэглэхээр өнгөрсөн лхагва гаригт цугларсан АНУ-ын14 иргэн алан хядагчдын золиос боллоо.
Би АНУ-ын төрийн тэргүүний хувиар Сан Бернардинод болсон халдлагыг террорист үйл ажиллагаа гэж үзэж байна. Нэгдсэн улсын гэр бүлийн гишүүний амь насанд халдана гэдэг манай улсад заналхийлж буйн дохио. Тиймээс би энэхүү эмгэнэлт үйл явдал, терроризмын аюул, гэр бүлээ хэрхэн хамгаалах тухай ярихаар шийдлээ. Сан Бернардинод болсон үйл явдлыг Холбооны мөрдөх товчноо шалгаж байна. Бидэнд мэдэгдсэнээр, хохирогчид хамтран ажиллагч болон түүний эхнэрийн гарт хэрцгийгээр алагдаж, шархадсан. Хэрэгтнүүд хилийн чинад дахь террорист байгууллагаас үүрэг авсан эсвэл дотоодын томоохон гэмт хэргийн сүлжээний гишүүн байсан гэх нотолгоо байхгүй боловч манай цэргийнхэн гэмт хэргийн буруутныг олох болно. Түүнчлэн Ирак, Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн төвүүдэд агаарын цохилт өгөхөө зогсоохгүй” хэмээсэн юм. Мөн АНУ энэхүү терроризмын аюулыг даван гарна гэдгийг Барак Обама онцолсон байна. “Исламын улс” бүлэглэлийн радиогоор 14 хүний аминд хүрсэн хосуудыг “Их үйлийг дэмжигчид” гэж сайшаасан аж. Гэхдээ террорист бүлэглэлийн гишүүн байсан гэж хэлээгүй байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос халдлагыг террорист ажиллагаа гэж үзсэн ч гэмт хэргийн сэдэл, зорилгыг бүрэн тогтоогоогүй байна. Ташфин Малик, Сиед Ризван нар Калифорни мужийн Сан Бернардино хот дахь Нийгмийн үйлчилгээний төвд гал нээж олон хүний аминд хүрээд зогсохгүй 20 гаруй хүнийг шархдуулсан бөгөөд халдлагын дараа цагдаагийн албан хаагчидтай буудалцаж амиа алдсан юм.