Туркийн цэргүүдийг Ирак руу дахиж илгээхгүй гэв
Туркийн цэргүүдийг дахиж Ирак руу илгээхгүй хэмээн тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдлээ.
Туркийн талаас Иракийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдах бодолгүй байна гэсэн юм. Түүнчлэн “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг тэмцэхийн тулд Иракийн талтай хамтран ажиллах бодолтой буйгаа тэрээр хэлжээ.
Сануулахад Иракийн хойд нутгийн Мосул хотын ойролцоох Башик дүүрэгт Турк цэргийн баазаа байрлуулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан.
Туркийн энэ үйлдлийг улс оронд нь халдан орсон, бүрэн эрхт байдалд халдсан явдал гэж үзэж буйгаа Иракийн эрх баригчид мэдэгдээд 48 цагийн дотор цэргүүдээ гаргахыг шаардсан юм. Энэхүү шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандахаа мэдэгджээ.
Харин энэ талаар АНУ-ын эрх баригчид Иракийн хойд нутагт цэргүүдээ байрлуулах шийдвэрийг Турк улс бие даан гаргасан бөгөөд үүнийг “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэж буй олон улсын эвслийн ажиллагааны хүрээнд хийгээгүй гэж мэдээлэв.