Су-24-ийн нисгэгч: Туркийн агаарын хилийг зөрчсөн талаар анхааруулга өгөөгүй
Туркийн агаарын зайг зөрчсөн талаар Туркийн талаас ямар ч анхааруулга өгөөгүй хэмээн Су-24 бөмбөгдөгч онгоцны нисгэгч Константин Мурахтин "Россия 1" телевизэд өгсөн ярилцлагын үеэр мэдэгдлээ.
"Үнэн хэрэгтээ Туркууд ямар ч анхааруулга өгөөгүй. F-16 сөнөөгч онгоц гэнэт л бидний хойно гараад ирсэн учир байрлалаа өөрчлөх ч цаг хугацаа байгаагүй" гэж тэрээр хэлсэн юм.
Бөмбөгдөлтөд өртөхийн өмнө Оросын Су-24 бөмбөгдөгч онгоц 6000 метрийн өндөрт нисэж явсан бөгөөд онгоцыг Мурахтин удирдаж байжээ.
"Хилийн зурвас хаана вэ, яг одоо бид нар хэний нутаг дэвсгэрт байгаа гэдгээ би сайн мэдэж байсан. Су-24 онгоц гарцаагүй Сирийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж байсан. Энэ бүс нутагт бид нар өдөр болгон нислэг үйлддэг учир гарын таван хуруу шигээ мэднэ" гэдгийг тэрээр онцолсон юм.
Константин Мурахтин одоогийн байдлаар цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмнэлгээс гараад Сирийн Хмеймим бааз руу эргэн ирж, үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан журамт нөхрийнхөө өмнөөс алба хаана гэдгээ мэдэгдлээ.
Оросын Су-24 загварын бөмбөгдөгч онгоцыг сүйрүүлсэн асуудлаар Орос болон Туркийн талууд өөр байр суурьтай байгаа юм. Оросын тал Туркийн агаарын хилийг тухайн онгоц зөрчөөгүй гэсэн бол Туркийн талын тус улсын агаарын хилийг зөрчөөд 17 секунд болсны дараа онгоцыг сөнөөсөн хэмээн мэдэгдэж байгаа юм.