Босогчидтой тэмцэх агаарын цохилтоо Франц эрчимжүүлж байна
Сири дэх "Исламын улс" алан хядах бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны хүрээнд өнөөдрөөс эхлэн Францын нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг дайчилж эхэлсэн хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Сири дэх босогчидтой тэмцэх агаарын цохилтоо Франц эрчимжүүлж байгаатай холбогдуулан тус улс “Шарль де Голль” хөлөг онгоцыг Газар дундын тэнгис рүү илгээсэн юм.
Нисэх онгоц тээгч тус хөлөг онгоцноос хоёр "Mirage 2000", дөрвөн "Rafale" сөнөөгч онгоцууд нислэг үйлдэж, хэт даврагчдын эсрэг агаараас цохилт өгсөн байна.
Агаарын цохилтын гол зорилго нь Сирийн зүүн хойд хэсгийн Ракка хотын ойролцоо байрлах босогчдын дэд бүтцийн байгууламжуудыг устгах юм.
Францын агаарын хүчин өчигдөр /11.23/ Иракийн Рамади, Мосул хотууд дахь "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад агаараас цохилт өгсөн.
Нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо Газар дундын тэнгист илгээснээр Францын агаарын хүчин хэт даврагчдын эсрэг цохилт өгөх сөнөөгч онгоцны тоогоо гурав дахин нэмэгдүүлжээ. Нисэх онгоц тээгч “Шарль де Голль” хөлөг онгоцонд 40 орчим нисэх онгоц байрлуулж, өдөрт 100 удаагийн нислэг үйлдэх боломжтой.