Хүн төрөлхтний эртний эмэг эх Люсигийн төрсөн өдөр
Өнөөдрөөс 41 жилийн өмнө, яг энэ өдөр Этиопт хайгуул хийж байсан палеонтологичид араг ясных нь 40 гаруй хувь чулуужин үлдсэн нэг олдвор олжээ. Тухайн үед энэ араг ясыг хүн төрөлхтний хамгийн эртний олдвор гэж үзэж байлаа.
3,2 сая жилийн настай гэж үздэг энэхүү араг ясыг Этиопчууд Динкинеш буюу “Чи гайхамшигтай” гэж нэрлэдэг бол олдворыг олох үед Beatles хамтлагийн “Lucy in the Sky with Diamonds” дууг сонсож байсан палеонтологичид Люси хэмээх нэр хайрлажээ.
Нэг зүйлийг сонирхуулахад Люси бидний мэдэх хамгийн хөгшин “эмээ” биш юм
Люси нь австралопитек төрлийн эрт үед хамаарах бөгөөд нас барах үедээ 40 орчим настай байсан гэж үздэг. Энэ олдворын хамгийн чухал зүйл нь хүн төрөлхтний эртний өвөг эцэг босоогоор явдаг байсан гэдгийг гэрчилсэн явдал юм.
3,2 сая жилийн настай Люсиг 2007 онд анх олон нийтэд үзүүлж, АНУ-д бүтэн зургаан жилийн турш тойрон аялал хийснээр тун алдартай болжээ. Харин домогт Люсиг 2013 онд Этиоп улсад эргүүлэн өгсөн юм.
Босоод зогсвол 1,1 метрийн өндөртэй, 27 кг жинтэй Люси хөлтэйгээ харьцуулахад урт гартай байсан хэдий ч шимпанзе шиг урт байсангүй. Гавлын яс нь жижиг хэмжээтэй, гэхдээ бас л сармагчин шиг биш. Харин царайн төрх нь үндсэндээ гориллтой тун төстэй.
Булчинлаг эрүүний бүтэц, конус хэлбэрийн чээж зэргээс нь үндэслэн эрдэмтэд Люсиг ихэвчлэн ургамлаар хооллодог байсан гэж таамаглажээ. Тэгвэл 2010 онд хэсэг эрдэмтэд Австралопитек төрлийнхөн анх хоол хийж, мах иддэг болсон хүний өвөг дээдэс гэж үзсэн аж.
Люсигийн тухай нэг л ойлгомжгүй зүйл одоо эрдэмтдийн толгойг шаналгадаг. Тэр нь Люсигийн үхлийн шалтгаан. Шүднийх нь бүтцээр баримжаалан нас биед хүрсэн хэдий ч, тийм ч хөгшин байгаагүй гэж үздэг бөгөөд үхлийн шалтгаан нь нас биш байх гэжээ.
- Люсигийн араг ясны 40 орчим хувь нь л олдсон -
Учир нь Люсигийн цавины орчим ясанд том шүдний ором бий. Гэвч энэ ором Люсиг хөнөөсөн амьтны шүд эсвэл Люсиг хорвоогоос хальсны дараа идсэн амьтны шүд аль нь болохыг тогтоож чадаагүй юм.
Өнөөдөр Люси “эмээ” Этиопын Үндэсний музейд хадгалагдаж байгаа. Зургаан жилийн турш Америкт тойрон аялал хийгээд ирсний дараа ясыг гэмтэж болзошгүй гэж үзсэн учраас тун сайн тохижуулсан, тусгай өрөөнд жинхэнэ араг ясыг нь, харин музейн үзмэрийн шилний цаана дуурайлган хийсэн пластик ясыг нь хадгалдаг аж.
Нэг зүйлийг сонирхуулахад Люси бидний мэдэх хамгийн хөгшин “эмээ” биш юм. Учир нь 1994 онд мөн л Этиопоос олдсон “Арди” хэмээх чулуужсан араг яс бий. Түүний насыг эрдэмтэд бүтэн 15 жилийн судалгааны эцэст 4,4 сая гэж тогтоосон учир Люсигээс бүтэн сая насаар эгч болжээ.