Японы Ясүкүни сүмд дэлбэрэлт болжээ
Японы нийслэл Токио хотын төв байрлах Ясүкүни сүмд дэлбэрэлт болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Дэлбэрэлт сүмийн өмнөд хаалганы дэргэдэх олон нийтийн бие засах газарт болсон бөгөөд цагдаагийнхан хэргийн газраас тэсрэх бөмбөгийн ул мөр болох цахилгааны утас болон зай зэрэг зүйлүүд олжээ. Дэлбэрэлтэд өртсөн хүн байхгүй юм байна.
Өмнөд Солонгос, Хятадын засгийн газрын зүгээс хүчтэй эсэргүүцлийн бай болдог Ясүкүни сүмд хийсэн халдлагыг цагдаагийнхан мөрдөн шалгаж байгаа юм.
Тус сүмд Японы төлөө дайнд амь үрэгдсэн 2.5 сая цэрэг, офицеруудын нэртэй дурсгалын самбар хадгалагддаг бөгөөд Дэлхийн II дайны 14 цэргийн гэмт хэрэгтний нэрс бичээтэй байдаг аж.
Харин Японы эзэнт гүрэнд дарлагдаж байсан Хятад, Өмнөд Солонгос улсууд энэ сүмд цэргийн гэмт хэрэгтнүүдийн шарил хадгалагддаг гэж буруутгадаг юм.