Парисын халдлагыг зохион байгуулсан Абдельхамид Абуауд гэж хэн бэ?
Цагдаагийнхан болон тусгай албаныхан 11-р сарн 13-нд Парист гарсан цуврал халдлагыг зохион байгуулагч гол санхүүжүүлэгч нь марокко гаралтай Бельгийн иргэн Абдельхамид Абуауд гэж үзэж байна.Зарим эх сурвалжийн мэдээгээр тэр хэдийн Европоос зугтаж Сирид очин, Исламын улс бүлэглэлийн туган дор байлдаж яваа гэх.
27 настай жихад Брюсселийн ойролцоох Моленбек гэх дүүрэгт өсчээ.Хүн ам ихээр суурьшсан,ажилгүйдэл ихтэй энэ дүүрэгт Арабын голдуу орноос ирсэн олон тооны цагаачид оршин суудаг.2004 онд Испаний Мадрид хотноо болсон томоохон халдлага,өнгөрсөн жил Парисын супермаркетад гарсан буудалцааныг ч энэ дүүрэгт оршин суугч асан нэгэн үйлдсэн байгаа нь анхаарал татаж эхэллээ.
Хүчний байгууллагын шалгалтаар Абдельхамид Абуауд нь баасан гарагт Парист болсон халдлагын өөр нэг сэжигтэн Салах Абдельсламтай ойрын холбоотой болох нь тогтоогдсон. Салах Абдельсламын ах Брахим тэр үдэш Парисын өргөн чөлөөнд амиа золислон дэлбэрэлт үйлдсэн бол Салах харин зугтаж амжээ.
Парист болсон цуст халдлагын гол сэжигтнээр нэрлэгдээд байгаа дээрх 2 этгээд 2010 онд Бельгийн шоронд зэвсгийн хэргээр сууж байхдаа танилцжээ. Абуауд 2013 онд Исламын улс бүлэглэлд элсэн орсон ч яг хэзээнээс хэт үзэлтэн болж хувирсныг нь таамаглахад бэрх байна. Абуауд уг нь Бельги улсдаа л шилдэг тооцогддог Saint-Pierre d'Uccle сургуульд суралцаж байв.Гэхдээ түүний амьдарч байсан дүүрэгт залуу радикал үзэлтнүүд олон байсныг Бельгийн эрх баригчид нотолж байна.Моленбек дүүрэгт тэрээр хожим Брюссель хотын Европын музейд халдлага зохион байгуулсан Мехди Неммуше гэгчтэй танилцсан байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Бельгийн Вервье хотод болсон дэлбэрэлтийг Абуауд зохион байгуулан санхүүжүүлсэн гэдгийг улсын Засгийн газраас олж тогтоосон байна. Абуауд ч өөрөө Исламын бүлэглэлийн англи хэл дээр гардаг "Дабик” сэтгүүлд өөрийн “бахархалт үйлс”-ийнхаа талаар өгүүлжээ.Энд өгүүлснээр Абуауд дээрх хэрэг явдлын дараа дахин 2 ч удаа Бельгид нууцаар нэвтэрч загалмайтнуудын эсрэг дайралтаа төлөвлөх аюулгүй байрлал олж нуугдсан гэжээ.