Дели хотын нийт өрхийн гуравны нэг нь төрийн албан хаагчдад авлига өгчээ
Энэтхэг улсын нийслэл Дели хотын иргэдийн дунд явуулсан судалгаагаар нийт иргэдийн бараг тэн хагас нь төр засаг, төрийн албан хаагчдад итгэх итгэл маш их буурсан, нийт өрхүүдийн гуравны нэг нь асуудлаа шийдүүлэхийн тулд сүүлийн 12 сард авлига өгсөн гэсэн үзүүлэлт гарсан талаар тус улсын thehindu.com цахим хуудаснаа мэдээлсэн байна. Нийт судалгаанд оролцсон иргэд хамгийн их авлига өгсөн салбар бол цагдаа гэж хариулжээ.
Өнгөрсөн долоо, наймдугаар сард явуулсан уг судалгаанд оролцогчдоос 15 төрийн үйлчилгээний байгууллагын талаар асуусан бөгөөд тэдгээрийг хотын, мужийн, төв засгийн газрын байгууллага гэж ангилсан байна. Гэвч ихэнх оролцогчид төрийн байгууллагын эдгээр түвшингүүдийн талаар тодорхой ойлголтгүй гэж хариусан байжээ. Судалгаанд хамрагдсан төрийн үйлчилгээний байгууллагуудаас цагдаа хамгийн их авлигатай салбараар тодорч, дараа нь зөвшөөрөл олгох эрхтэй төрийн үйлчилгээний байгууллагууд орсон байна.
Цагдаагийн байгууллагын хувьд авлига авдаг гол гурван шалтгаан нь зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, мөн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлууд багтаж байгаа бол үүний араас жолооны үнэмлэх олгох асуудал орж байна. Судалгаанд оролцогчдын 10 хүн тутмын нэг нь авлига өгч чадаагүй учир жолооны үнэмлэхээ авч чадаагүй гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын мэдээллээс харахад авлигатай нүүр тулж буй хүмүүсийн ихэнх нь ядуу, орлого муутай хүмүүс байжээ. Өнгөрсөн жил дунджаар нэг өрх 2500 рупийг авлигад өгсөн байх ба нийт авлига өгсөн 1501 өрхийн дөнгөж зургаан өрх нь гомдол мэдүүлсэн байна. Гомдлоо авлигыг мэдээлэх тусгай утас руу залгаж мэдүүлсэн байна.
Төрийн үйлчилгээний газруудаас авлига нь хамгийн ихээр өссөн салбар нь шингэрүүлсэн хийн байсан бол үүний дараагаар цахилгаан, ус хангамж орсон байна. Шингэрүүлсэн хийг төв засгийн газраас хуваарилдаг бол цахилгаан, усыг мужийн засгийн газраас хуваарилдаг байна. Судалгааны үр дүн нь Дели хотын 1501 өрхийн түүвэр судалгаан дээр суурилсан ба энэхүү түүвэр нь нийгэм эдийн засгийн болон газарзүйн байдлаараа эх олонлогоо төлөөлөхүйц байна гэж үзсэн байна.