Иракт 150-иад хүний цогцостой булш илрүүлжээ
Курдын зэвсэгт хүчнийхэн Иракийн хойд хэсэгт орших Синжар хотоос 150-иад хүний цогцос бүхий хоёр булш илрүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт Курдын зэвсэгт хүчнийхэн энэ бүс нутгаас "Исламын улс" бүлэглэлийг шахан гаргасан юм. Синжар хотын баруун хэсэг дэх Техникийн хүрээлэнгийн ойролцоогоос олсон булшинд хижээл насны 80-аад эмэгтэйн цогцос байжээ. Эдгээр нь "Исламын улс" бүлэглэлийн алан хядагчид охид, бүсгүйчүүдийг бэлгийн боол болгон барьцаалах үеэр амь үрэгдсэн эмэгтэйчүүдийн цогцос бололтой гэж цагдаа нар таамаглаж байна.
Синжар хотоос 15 км зайтай газраас хоёр дахь булшийг илрүүлсэн байна. Булшинд эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд нийлсэн 60-аад хүний цогцос байжээ. Синжар хотод Курд үндэстний Езиди шашны цөөнх олноор оршин суудаг. "Исламын улс" бүлэглэл өнгөрсөн оны наймдугаар сард энэ хотыг эзлэн авсны дараа шашны цөөнхийн иргэдийг үй олноор хөнөөсөн байна.
Тус бүлэглэлийн Езиди шашны цөөнхийн эсрэг үйлдсэн энэхүү харгислалыг олон улсад “хоморголон устгалт” гэж тодорхойлуулахын тулд булшнаас олдсон цогцсуудад задлан шинжилгээ хийж, шаардагдах баримт нотолгоог цуглуулна гэж Синжар хотын дарга мэдэгдсэн байна.