АНУ ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөлд дахин сонгогдлоо
АНУ НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр дахин сонгогджээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Америкийн ЮНЕСКО-д оруулж байсан санхүүжилтийг сэргээхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж тус улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдсэн байна.
Америкийн хууль тогтоомжид Палестины бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, өөрийн гишүүнээр элсүүлсэн олон улсын байгууллагад санхүүжилт олгохоо зогсооно гэж заасан байдаг юм байна. Иймээс 2011 онд ЮНЕСКО Палестиныг өөрийн бүрэн эрхт гишүүнээр элсүүлсний дараа АНУ тус байгууллагад олгодог санхүүжилтээ түр зогсоожээ. Америкаас олгодог санхүүжилт ЮНЕСКО-гийн нийт төсвийн 22 хувийг дангаар бүрдүүлдэг байсан байна.
Харин ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөлд Америк дахин сонгогдсон учраас Конгресс тус байгууллагыг санхүүжүүлэхэд саад учруулж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулна гэж найдаж байгаагаа Жон Керри илэрхийлж байна. АНУ-аас гадна Франц, Грек, Итали, Испани, Их Британи зэрэг улс ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.