Такэнори Шимизү: Монгол гадаадын компаниудад маш хатуу ханддаг

2015 оны 11 сарын 09

“Миний бие 40 гаруй жилийн өмнөөс Монгол Улстай холбогдсон. Монголыг өөрийн эх орон гэж үздэг.

 

Тиймээс маш их санаа зовж байна” хэмээн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү ярилаа. Тэрбээр Япон хүн ч Монгол Улстай амьдралаа холбосон нэгэн. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал хоёрын орны харилцааны талаар Япон төрийн өмнөөс бус хувь хүнийхээ зүгээс санал бодлоо илэрхийлсэн юм.  

-Хэдхэн хоногийн өмнө Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад айлчилсан. Энэ удаагийн айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Маш богино хугацаатай айлчлал болсон. Хэдий богино ч Тавантолгой, Зүүн чиглэлийн төмөр зам зэрэг олон асуудлаар хамтран ажиллаж, санамж бичигт гарын үсэг зурж амжлаа. Энэ нь хоёр орны хамтран ажиллах итгэлцлийг нэмэгдүүлсэн явдал гэж бодож байна. Гэвч Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор Монголын зарим улстөрч ташаа мэдээлэл тараасан явдалд харамсаж байгаагаа илэрхийлэх нь зөв байх. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Япончууд төмөр замын ТЭЗҮ-г ирэх арванхоёрдугаар сард дуусгана” гэж ярилцлага өгчээ. Би үүнийг анх удаа сонсож байна. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч ийм утгатай ярилцлага өгсөн байна лээ. Магадгүй андуурсан байж болох. Гэхдээ санамж бичигт огт тийм зүйл байгаагүй гэдгийг хэлье. 

-Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн талаар асуухгүй өнгөрч болохгүй. Хэлэлцээр хэрэгжихэд ямар асуудлууд үлдээд байгаа вэ?

-Монголын парламент хэлэлцээртэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх үйлдсэн. Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын өмнө Монголын УИХ импортын татварт хэд хэдэн өөрчлөлт орууллаа. Үүнийг айлчлалтай шууд холбож болохгүй. Учир нь хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Дэлхийн худалдааны байгууллагын гэрээний дагуу хийсэн байдаг. Тиймээс Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагыг хангасан гэсэн үг. Энд зориуд хэлэхэд, энэ хэлэлцээ Япон гэхээсээ илүү Монголд ашигтай. Японы Гаалийн татвар 12 хувь байдаг. Түншлэл хэрэгжсэнээр зарим барааны татварыг тэглэх юм. Одоо Японы зах зээлд Хятадын бараа бүтээгдэхүүн зонхилж байна. Гаалийн татвар байхгүй болсноор Монголын бараа бүтээгдэхүүн Хятадынхтай өрсөлдөх боломжтой.

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр улсад үр өгөөжөө өгнө гэж найдаж байгаа. Та Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-2017, 2018 онд бондын эргэн төлөлт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 1.1 тэрбум ам.доллар шаардагдана. Гэтэл дараа жилийн төсвийн зарлага, орлогоосоо мөн л давахаар байна. Тиймээс дахиад л гадаад орноос мөнгө зээлэх шаардлага гарч ирнэ. Тэгэхээр Монгол Улсын өрийн хэмжээ өсөхөөр байна. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх магадлалтай.

 -Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзэх хүн олон байгаа?  

-Миний харж байгаагаар Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээр энэ сард дуусах байх. Харин бодит хөрөнгө оруулалт ирэх хавраас орж ирэх мэдээ байгаа. Энэ үйл явц таван жил үргэлжилнэ. Тиймээс ойрын хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэхгүй байна. Улмаар зургаан жилийн дараа олборлолт нэмэгдэж, 2.5-3 сая тонн болж өсөх үед Монголд орох орлогын хэмжээ нэмэгдэнэ. Бондын эргэн төлөлт бол үүнээс өмнө тулгарах хамгийн том бэрхшээл юм.

-Таны хэлсэнчлэн манай улсын гадаад өр нэмэгдэх хандлага байна. Одоо бас БНХАУ-аасЭгийн голын цахилгаан станцын төсөлд зориулан нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон. Тэр зээлийн нөхцөлийг харсан байх?

-Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төсөлд зээл авч хөрөнгө оруулах нь зөв. Эрчим хүчний салбар бол чухал салбар. Гэхдээ өнөөдөр Монгол Тавантолгой, Эгийн гол, ДЦС 5 гэх мэт олон төсөл хэрэгжиж байна. Бас жижиг төслүүд бий. Хэтэрхий замбараагүй биш гэж үү. ДЦС 5 төслийг Япон, Солонгос компаниуд хөрөнгө оруулж хамтран хэрэгжүүлж байгаа учраас Монголын эдийн засагт ямар нэг дарамт учруулахгүй. Харин зээлийн хүү хоёр гэдэг арай хатуу нөхцөл. Өөр олон төрлийн гаргалгаа байгаа. Би Хятадаас зээл авах нь буруу гэж үзэхгүй байгаа. Нөхцөл нь хатуу байна.  Хэрвээ зээл авах бол хамгийн хүү багатай зээл хаана байна тэрийг авах хэрэгтэй.

-Та зээл авахаас өөр боломж байгаа гэж хэлэх гээд байна уу?

-Өрөө яаж төлөх вэ гэдэг асуудал өнөөдөр гол асуудал биш. Түр зуурын асуудлын төлөө гаднаас зээл авахаас өөр арга байхгүй байж болно. Зээлээр асуудлаа шийднэ гэхгүйгээр Монгол Улсын эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэж хармаар байна. Монголд боломж байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүгдийг гаргасан. Герман, Америк, Франц, байхгүй. Одоо цөөн тооны Хятадууд л байна. Хятадууд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадсан болохоор өнөөдрийн амжилтад хүрсэн. Монголд эсрэгээрээ гадаадын компаниудад маш хатуу ханддаг.

-Монголчуудын анхаарлын төвд байгаа Тавантолгой ордод Япон, Хятадын компаниуд  хөрөнгө оруулагчаар орох хэлэлцээр өрнөж байгаа. Энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Эдийн засгийн хувьд Тавантолгойн нүүрсийг Хятад руу гаргах нь хамгийн ашигтай. Хятадаар дамжуулаад Япон руу нүүрсээ гаргах боломжтой. Ингэснээр Япон, Монгол аль алинд ашигтай. Миний ойлгож байгаагаар Си Зиньпин дарга Монголд айлчлах үеэрээ өөрийн улсаараа дамжуулан далайд гарах нөхцөлөөр хангана гэж амласан санагдаж байна. Тийм том дарга амласан юм чинь биелэх байх. Энэ нөхцөлд Монголын нүүрс Япон, Солонгос, Энэтхэг зэрэг гуравдагч оронд хүрэх боломж бүрдэнэ. Одоо хамгийн чухал асуудал нь Хятадын Засгийн газар үүнийг шийдэх юм. Мөн монголчууд нэг юмыг сайн ойлгохгүй байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Гэвч Австрали, Индонезийн нүүрснээс Монголынх өндөр үнэтэй байгаа. Чанар нь яг адил. Худалдан авагчдад хаанахын нүүрс гэдэг нь онц биш. Хаана хямд байгаа нь гол шалгуур байдаг. Монголд шаанс байсан шүү дээ. Гурван жилийн өмнө нүүрс өндөр үнэтэй байхад асуудлаа шийдсэн бол өнөөдөр төмөр замаа тавьчихсан, уул уурхайн салбарт хүчтэй өрсөлдөх байсан.  Монгол байнга гаднаас зээл авч амьдарна гэж байхгүй. Байгаа юмаа зараад мөнгө олох хэрэгтэй.  

-Монгол Улсад хөгжих боломжтой салбар бол аялал жуулчлал. Энэ салбарын нөөц бололцоог хэрхэн хардаг вэ? 

-Монголын аялал жуулчлалын салбар маш их ирээдүйтэй. Хангалттай нөөц бололцоо бий. Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийд олон улсын онгоцны буудал барьж байгаа. Энэ нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж найдаж байна. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар маш чухал. Япончууд аялж жуулчлахыг чухалчилж авч үздэг. Сингапурт 650 мянган япон хүн нэг жилийн дотор жуулчилсан байдаг. Энэ нь мөнгөн дүнгээр уул уурхайн орлоготой дүйцэх хэмжээний мөнгө. Тиймээс миний бие 2017 оныг Монгол Улсын аялал жуулчлалын салбарын эхлэлийн жил гэж харж байгаа. Монгол Улс Берлин гэх мэт олон улсын аялал жуулчлалын томоохон арга хэмжээнд идэвхтэй оролцох болсон. Гэхдээ гадаад оронд болдог арга хэмжээнээс илүү дотооддоо аялал жуулчлалын дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэр дундаа аялал жуулчлалын салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх шаардлагатай.

-Яагаад боловсон хүчин гэж?

-Монголд жуулчин ирнэ. Гэтэл үйлчилгээ маш тааруу байдаг. Үйлчилгээний ажилтнуудыг “ноён”  зантай гэж товчхон дүгнэж болох юм. 

-Өнгөрсөн жил Япон Улсад зорчих визийн нөхцөл буурсан. Ингэснээр монголчууд Японыг зорих нь нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн онд виз нөхцөлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Улмаар өнгөрсөн жил 18 мянган монгол иргэн Япон Улсад зорчсон бол 2011 онд долоон мянган иргэнд виз олгосон байдаг. Мөн өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манайд айлчлах үеэр нэг визээр олон удаа зорчих боломж нээгдсэн байгаа. 

-Манай улс хулгайлагдсан гэх япончуудын асуудлаар БНАСАУ-тай хийх хэлэлцээрт туслалцаа үзүүлж байсан. Японы хэвлэлүүд үүнийг онцолсон санагдаж байна. Тухайн үед хэлэлцээр үр дүнд хүрсэн үү?

-Энэ асуудал тийм амар шийдэгдэх зүйл биш. Монгол Улс, БНАСАУ-тай дипломат харилцаатай. Тиймээс Монгол Улсад энэ асуудлаар тодорхой хэмжээний найдлага тавьж ирсэн. Шууд асуудал шийдэгдэхгүй боловч Монголын оруулж буй хувь нэмэрт маш их талархаж явдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26286
0 эможи
keyboard_arrow_up