ОХУ, Египетийн хоорондын бүх нислэг зогслоо

2015 оны 11 сарын 09

Өнгөрсөн долоо хоногт Египетийн Шарм-эль-Шейхийн нисэх буудлаас Санкт Петербург хотын чиглэлд нисч байсан Оросын онгоц Синайн хойгт сүйрсэн. ОХУ энэ ослын шалтгааныг бүрэн тодруулж, агаарын тээврийн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэж үзэх хүртлээ Египетээс ирэх, очих зорчигч тээврийн бүх нислэгийг өчигдрөөс түр зогсоолоо.

Оросын Холбооны Аюулаас хамгаалах албанаас тавьсан саналыг ерөнхийлөгч Владимир Путин зөвшөөрч, засгийн газартаа холбогдох үүрэг өгчээ. Өнгөрсөн Лхагва гарагт Их Британи улс өөрийн тагнуулын мэдээлэлд үндэслэн, Оросын онгоц тэсрэх бөмбөгнөөс үүдэн сүйрсэн байж магадгүй гэж үзэж байгаагаа зарлаж, улмаар Шарм-эль-Шейх хот, Их Британийн хооронд ирж очих бүх нислэгийг цуцалсан билээ. Харин Орос улс зөвхөн Шарм-эль-Шейх нисэх буудал бус, Египет-Оросын хоорондох бүх нислэгийг цуцлахаар шийдвэрлэжээ.

Гэхдээ энэ нь Орос улс алан хядагчдын тэсрэх бөмбөгнөөс болж онгоц сүйрсэн гэх Их Британийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн хэрэг биш гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч онцлон мэдэгдсэн байна. Онгоц хэвийн нислэг үйлдэж байх үед гэнэт дэлбэрэлт болсон чимээ онгоцны нэг хар хайрцагт бичигдэн үлдсэн байгаа тухай өмнө нь Францын албаны хүн мэдээлж, шуугиан дэгдээсэн. Түүнчлэн Синайн хойгт үйл ажиллагаа явуулдаг “Исламын улс” бүлэглэлийн алан хядагчид Сири дэх төв удирдлагуудтайгаа холбогдож, онгоц сөнөөж чадсанаа бахдан ярьж байгаа яриаг дундаас нь барьсан талаараа Америкийн нэрээ дурдаагүй албаны эх сурвалжууд уламжилсан байна.

Гэхдээ Оросын тал гэнэтийн дэлбэрэлт үүссэн нь тэсрэх бөмбөгтэй холбоотойг нотлох ямар ч баримт илрээгүйг сануулсаар байна. Тус улсаас ослын газарт очсон шинжээчид тэсрэх бөмбөг дэлбэрсэн ул мөр бий эсэхийг тогтоохоор онгоцны үлдэгдэл, зорчигчдын тээш зэргээс дээж авч, шинжилгээнд явуулсан, энэ шинжилгээний дүнг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулна гэдгийг Оросын Онцгой байдлын яам мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26259
0 эможи
keyboard_arrow_up