Вашингтон Хятадын бүрэн эрхт байдалд халдахгүй байхыг уриалав
АНУ Хятадын бүрэн эрхт байдалд заналхийлсэн аюултай алхам хийхээ зогсоох ёстой хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань мэдэгдлээ. Тэрээр Куала-Лумпур хотод аюулгүй байдлын бага хуралд оролцож байгаа Пентагоны тэргүүн Эштон Картерт хандан ийнхүү мэдэгдсэн байна.
Э.Картер Хятадын зиндаа нэгтэйгээ уулзахдаа, АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудалд ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байгаа хэмээн онцолсон аж. Тэрээр талуудад хандаж маргаантай бүс нутагт хиймэл арал байгуулах, бүс нутагт цэрэг зэвсгээ байрлуулахыг зогсоохыг уриалсан билээ. Ингэхдээ АНУ Өмнөд Хятадын тэнгист хөлөг онгоц чөлөөтэй зорчих олон улсын хууль эрх зүйг хүндэтгэх зарчим барина хэмээн мэдэгдсэн байна.
Аравдугаар сарын 27-нд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Лассен” тээвэрлэгч хөлөг Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арал руу ойртсон юм. Бээжингийн мэдэгдэж буйгаар, Америкийн тээвэрлэгч хөлөг дор хаяж нэг удаа Хятадын эзэмшлийн усанд зөвшөөрөлгүйгээр орсон аж. Америкууд маргаантай бүс нутагт баригдсан хятадуудын нэгэн аралд 12 бээр ойртож очсон хэмээн Бээжин үзэж байгаа аж. Америкууд хиймэл арал руу ойртож очсоноо хүлээн зөвшөөрсөн ч үүнийг олон улсын далай тэнгисийн хууль дүрмийг зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ. Учир нь хятадуудын маргаантай бүс нутагт хиймэл арал байгуулах эрхийг америкууд хүлээн зөвшөөрдөггүй байна.
Хятадын адмирал У Шэнли Америкийн тэнгисийн цэргийн хүчний тэргүүн, адмирал Жон Ричардсонтой уулзаж ярилцахдаа маргаантай бүс нутагт аюултай өдөөн хатгалга хийхээ зогсоохыг шаарджээ. “АНУ-ын тал маргаантай усанд сэлгүүцэж, Хятадын анхааруулгыг үл ойшоосоор байвал Бээжингийн Засгийн газар улс орны бүрэн эрхт, аюулгүй байдлыг батлан хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” хэмээн хятад адмирал онцолсон байна. Харин барууны хэвлэлд У Шэнли бүр ноцтой анхааруулга өгсөн хэмээн уламжлах болов. Вашингтон аюултай, өдөөн хатгасан үйлдлээ үргэлжлүүлсээр байвал бүс нутгийн байдалд ноцтойгоор нөлөөлж, далай тэнгис, агаар дахь хоёр талын хүчнүүдийн хооронд том биш мөргөлдөөн гарч, улмаар дайн дэгдэхэд ч хүрч мэднэ хэмээн анхааруулсан бололтой.
Хятад улс 2014 оны зургадугаар сараас хойш маргаантай бүс нутагт хиймэл арал байгуулах болсон билээ. Өмнөд Хятадын тэнгис дэх энэхүү маргаантай усны төлөө Япон, Хятад, Тайвань, Малайз, Филиппин, Бруней, Вьетнам улс өрсөлддөг. Нефть, хийн ордоор баялаг Скарборо, Спратл бүлэг арлыг тойрсон газар нутгийн маргаан ихээхэн хурцадмал байдаг аж. Тэр тусмаа хятадууд уг арал дээр нисэх, буух зурвас байгуулах гэж байгаа нь маргааныг улам дэвэргэж, бүс нутаг дахь Бээжингийн байр суурийг бататгаж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин