“Шоколадны ван” олигархиудыг намнаж эхлэв
“Шоколадны ван” хочит олигарх Петр Порошенко өнгөрсөн онд Киевт өрнөсөн бослогын дараах сонгуулиар Украины ерөнхийлөгч болсон билээ. Гэсэн ч түүний засгийн газрыг Крым болон Украины зүүн хязгаарт хүлээн зөвшөөрөхгүй, салан тусгаарлах үймээн дэгдсэн юм. Одоог хүртэл зөрчил мөргөлдөөн бүрэн намжаагүй байгаа энэ үед Петр Порошенко байр сууриа бэхжүүлэхийг хичээж байна. Үүний тулд тэрээр өөрөөсөө илүү хүч нөлөөтэй олигархуудыг замаасаа зайлуулж эхэлжээ. Петр Порошенко авлигын эсрэг нэрийн дор Украины хүчирхэг олигархуудыг намнаж эхлээд байна. Украины баячуудын жагсаалтанд 100-д нэрлэгдсэн «УКРОП» намын лидер Геннадий Корбаныг өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр баривчилсан юм. Түүнийг авлига болон Днепропетровск мужид гэмт хэргийн бүлэг байгуулсан гэх хэрэгт буруутгажээ. Геннадий Корбан Украины армийн зардлаас 1.7 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг завшин хувийн зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлсэн гэнэ. Геннадий Корбан нь Украины хамгийн нөлөө бүхий олигарх Игорь Коломойскийн баруун гар юм. Геннадий Корбаныг баривчилсныхаа дараа Петр Порошенко энэ бол авлигын эсрэг тэмцлийн зөвхөн эхлэл хэмээн мэдэгджээ. Петр Порошенко өнгөрсөн жил Днипропетровск хотын дарга Игорь Коломойскийг суудлаас нь буулгасан юм.
Геннадий Корбан
Украины улстөрийн хямрал эхэлснээс хойш олгирхиудын санхүүжилттэй хувийн олон арми, зэвсэгт бүлгүүд бий болжээ. Эдгээрийн ихэнх нь Украины армийн бүрэлдэхүүнд багтдаг ч батлан хамгаалах яамны заавар, шийдвэрийг дагадаггүй, дур зоргоор аашилдаг байна. Украины зүүн хязгаарын босогчдын эсрэг тулалддаг гэх "Айдар, "Азов", "Донбасс", "Днепр" зэрэг батальонууд эзнээсээ өөр хэнд ч захирагдаггүй аж. Игорь Коломойский л гэхэд нийт 3000 гаруй цэрэгтэй “Азов”, “Днепр 1”, “Днепр 2” зэрэг батальонтой аж. Тэрээр хувийн армидаа сард 10 сая долларыг цацдаг бөгөөд цэргүүд нь Украины үндэсний гвард болон армийн цэргүүдийн дэргэд бүх талаараа хангамж сайтай байдаг гэнэ.
Игорь Коломойский Украины банк, эрчим хүчний салбарт нөлөө ихтэй нэгэн юм. Түүнчлэн тэрээр хувийн армийнхаа тусламжтайгаар Украины төрийн өмчийн газрын тосны компанид хяналтаа тогтоохыг хичээж байжээ. Гэтэл Петр Порошенко түүнийг Днепропетровск мужийн захирагчаас буулгаж, түүний үүсгэн байгуулж, санхүүжүүлдэг хагас цэрэгжсэн бүлгүүдийг засгийн газрын армид нэгтгэх шийдвэр гаргаж, төрийн өмчийн эрчим хүчний “УкрТрансНафта” компанийн удирдлагаас холбоотонг нь зайлуулсан юм. Александр Лазорког зайлуулах үеэр зэвсэглэсэн эрчүүд “Укрнафта” болон “УкрТрансНафта” компанийн байруудыг дайран эзэлж бүсэлж байв. Энэ үеэр Игорь Коломойский байдал хурцадвал өөрийн мэдлийн 3000 зэвсэгт эрчүүдийг хэдхэн цагийн дотор Киевт авчирч чадна хэмээн даналзсан байжээ. Өдгөө Днипропетровск хотын дарга Игорь Коломойский болон улсын мэдэлд байдаг эрчим хүчний “Укрнафта” компанийн зэвсэглэсэн эрчүүд бүгд Киевийн хяналтанд орсон хэмээн Порошенко мэдээлж байна. Нийт 80 гаруй сайн дурын цэргийн батальон зүүн Украины нутагт дайтаж байгаа бөгөөд тэд бүгд дотоод болон батлан хамгаалах яамны мэдэлд очжээ.
Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт зарлагдсан баян украинчуудын чансааны эхний тавд Игорь Коломойский (1,9 тэрбум хөрөнгөтэй) дээгүүр жагссаар байна. Украины баячуудыг жагсаалтыг олигарх Ринат Ахметов (4,5 тэрбум доллар), Игорь Коломойский (1,9 тэрбум ), Геннадий Боголюбов (1,8 тэрбум), Виктор Пинчук (1,6 тэрбум), Дмитрий Фирташ (1 тэрбум) тэргүүлжээ. Чансаанд бичигдсэн хүмүүсийн хөрөнгийн нийлбэр нь 24,7 тэрбум доллар аж. Харин ерөнхийлөгч шоколадны ван хочит Петр Порошенкогийн хөрөнгийн хэмжээ 979 сая долларт хүрчээ. Түүний хөрөнгийн хэмжээ ерөнхийлөгч болсноос хойш 20 хувиар нэмэгдсэн аж. Зөрчил мөргөлдөөнөөс үүдэлтэй хямралын үед Петр Порошенкогоос бусад бизнесменүүдийн орлого буурсан байна.