Фольксваген дахин нэг дуулиан дэгдээлээ
Фольксваген компанийг тойрсон дуулиан тасрахгүй байна. Өчигдөр АНУ-ын Байгаль хамгаалах байгууллага тус компанийг жижиг оврын автомашинаас гадна дизель хөдөлгүүртэй, том оврын 10 мянга гаруй автомашинд хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулан мэдээлдэг систем суулгасан хэрэгт буруутгасан. Харин өнөөдөр Фольксваген дотоод шалгалтынхаа дүнд 800 мянга гаруй автомашин нь нүүрстөрөгчийн хий ялгаруулалтын стандартад нийцэхгүй байгааг олж илрүүлсэн гэдгээ мэдэгдлээ.
Тус компани хүлэмжийн хий ялгаруулалтыг өөрчлөн мэдээлдэг үйлдлийн системийн хэрэгтэйгээ холбогдуулан үйлдвэрлэсэн машинууддаа нүүрстөрөгчийн хий ялгаруулалт, шатахуун зарцуулалтын шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтын явцад тус компанийн 800 мянга гаруй том болон жижиг оврын машин нь стандарт хэмжээнээс илүү нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг болох нь илэрчээ.
Санаатайгаар ийнхүү стандартад нийцээгүй машин үйлдвэрлэсэн эсэх талаар тус компани тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Фольксвагений нэрийн машинуудаас гадна тус компанийн охин компани Ауди, Шкодагийн машинууд ч стандарт хэмжээнээс илүү нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг байх магадлалтай гэнэ. Өмнөх хуурамч системийн асуудлаас болж 6 тэрбум америк долларыг нөхөн төлбөрт зориулахаар болоод байгаа тус компани энэхүү асуудлаас үүдэж дахин 2.1 тэрбум америк долларыг нөхөн төлбөрт олгоно хэмээн урьдчилан тооцоолоод байна.