Ашиг олдог сингапур мэргэн ухаан
Цуврал №010
Оюун ухаан, мэдлэг боловсролоороо ашиг олно гэдэг ойлголтыг дэлхийд суулгаж өгснийх нь төлөө Ли Куан Югийн хөшөөг алтаар босгомоор санж.
“Ямар ч байгалийн баялаггүй Сингапурчуудын аж амьдралыг авч явна”, “Биднийг ажлаа эхлэхэд өлсгөлөн ходоодтой, өлөн нүдтэй хүн ам угтсан юм чинь албадаж ажиллуулахгүй яадаг юм” гэсэн өмнөх гарчгуудын мөрийг эргэж сануулмаар байна. Ийм л ядарсан буурай, үгээгүй улс оронд ашиг олох тухай асуудал тэртээ эртнээс яригдаж л дээ.
Хүний эрх, ардчилал, парламентат ёс гэхээсээ илүүтэй Сингапурын улс төр ашгийн хойноос улайрахыг хөхүүлэн дэмжих сэдвээр хөглөгддөг нь дээрх учир шалтгаанаас улбаатай. Ли Куан Ю ч үүнийг нуулгүй хэлдэг. “Бид өөрсдөө ашиг олохгүй юм бол хэн бидний өмнөөс олох юм? Хэрэв “ашиг” гэдэг үгийг сөрөг утгатай болгосон бол Сингапур сэхэхгүй, нураад унах байсан. Үүнийг ойлгуулахын тулд бүхэл бүтэн 20 жил зарцууллаа. Улс төрийн мэргэн ухаан хийгээд олон түмнийг хөдөлгөх чадвар маш чухал. Хэрэв Та ард түмнээ өөрийнхөө араас дагуулж чадахгүй л бол таны бодлого хий хоосон үг болж үлдэнэ. Олон түмнийг ятгаж, зөв гэдгээ үнэмшүүлэх ёстой гэжээ.
Энэ бол 1980-аад онд хэлж байсан үгс. Ашиг олооч ээ, ашгийн төлөө яваач ээ хэмээн 20 жил ятгасан байх нь ээ. Түүнээс хойш лав 30 жил өнгөрчээ. Сингапурчууд 2015 онд тусгаар тогтносныхоо 50 жилийн ойг тэмдэглэлээ. Ингээд бодохоор лав 50 жил энэ улс ашгийн төлөө цөхрөлтгүй замнасан түүх харагдаж байна. Энэ түүхийг эхлүүлсэн, хөгжүүлсэн, өвлүүлсэн, үр дүнг нь амтлуулсан их гавьяа Ли Куан Ю абугайд ногдоно. Тэрээр хойч үедээ сургамжилж байна: -Хойч үе маань “ашиг” гэсэн энэ ойлголтыг шууд автоматаар өвлөн авах уу гэдэг бас л эргэлзээтэй. Тийм учраас олж авсан мэдлэг боловсролоо цааш нь дамжуулах нь Та бидний үүрэг. Хүн компьютертой адилгүй. Нэг компьютерыг нөгөө компьютертой утсаар холбоход л бүх мэдээллийг авчих боломжтой. Гэтэл хүн гэдэг өөр. Хүн энэ ертөнцөд цоо шинэ, сэргэг толгойтой ирдэг. Хүүхэд өсөж торних явцдаа эцэг эх, найзууд, багш нараасаа суралцдаг. Гэвч ямар ч сайн сургааль, ямар ч сайн боловсрол нүдээрээ үзэж, биеэрээ туулсан бодит туршлагыг орлодоггүй. Хүн туулсан амьдралаа эргэн хараад модон байшинтай байсан бол одоо хоёр өрөө байртай болчихсон гэж бодно.
Дараа нь дөрвөн өрөө, таван өрөө байр, бүр эцэст нь хувийн орд харштай болж, үүнийгээ байгаль ертөнцийн жам ёсны дагуу хөгжсөн гэж бодох нь бий. Гэхдээ энэ бол том эндүүрэл. Сингапурт хөгжил цэцэглэлт авчрах чин зорилго өвөртөлсөн төрийн институциуд байсны үр дүнд та бүхэн ийм хэмжээнд хүрсэн юм шүү. Түүнээс биш, зүгээр жам ёсоороо ийм болчихсон юм биш. Эх орноо Шри-Ланка, Ямайк шиг хоромхон зуурт сүйрүүлэхэд тун амархан. Таван жилийн хугацаанд засаж залруулах боломжгүй ноцтой хохирол учруулахыг ч үгүйсгэхгүй гэжээ.
Ли Куан Югийн арга барилд тулгах, ятгах, ухааруулах, болохгүй бол баривчлах, шийтгэх гэхчлэн зөндөө хувилбар бий. Ухуулга хийхдээ ил лекц уншаад байх бус, ингэхийн тулд бүх төрлийн хэрэгслийг ашиглах ёстой гэж үздэг. Сонин сэтгүүл, телевиз, хурал цуглаан, хэвлэлийн хурал, ард иргэдийн дунд ажиллах, сайд дарга нар, бүх боловсон хүчнээ дайчилж, хүмүүст тасралтгүй мэдээлэл өгч, тайлбарлаж, эргээд хариу сэтгэгдлийг нь сонсож, шаардлагатай үед бодлогоо эргэн харж, тохиргоо хийх ёстой гэхчлэн түүний сэдсэн арга тоймгүй олон.
Татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулснаа тайлагнадаг нэгэн өвөрмөц аргачлалаа тэрээр ингэж томьёолжээ. Орон сууцаар хангах тухайд 1980 онд ингэж хэлж байсан байгаа юм. 1972 онд 42 мянган өрх орон гэртэй болж, 1976 онд хоёр дахин өсөөд 80 мянган айл байранд оржээ. 1980 онд 140 мянган өрх орон сууцанд орсон байна. Ингээд 40-өөс 80, 80-аас 140 болж өсжээ. Тэгэхдээ 140 мянган айл тус бүр гурван өрөө байрны эзэн болцгоосон. Одоо дөрвөн өрөө байрыг аваад үзье. 1972 онд 2000 байр эзэнтэй болсон. 1976 онд дөрвөн өрөө бүхий 20 мянган байр хаалгаа нээсэн. Харин 1980 онд 54 мянган өрх таван өрөө байртай болжээ. Үнэхээр тасралтгүй өссөн нь тод харагдаж байна. Эдүгээ Монголд өрнөөд байгаа шиг орон сууцны барилгын “бум” 1970-аад онд Сингапурыг нөмөрч байжээ.
Өнгөт зурагт нэг үе Сингапур сонгогчдын өнийн хүсэл, түүн дээр нь улс төрчид, сөрөг хүчнийхэн янз бүрийн ойлголтоор хамаа намаагүй шидэлцэх сэдэв байв. Тус улсад 1974 оноос өнгөт нэвтрүүлэг цацаж эхэлсэн ба 1976 онд Сингапурчуудын 54 мянга нь өнгөт зурагт байсан бол 1980 онд 210 мянган өнгөт зурагттай болсон байв. Мөд 390 мянга болж огцом өссөн нь сөрөг хүчний Жайаратнам, Ли Сю Чу нарын аман дайралтыг няцаах бэлээхэн жишээ болжээ. Тэгээд тэднийхээ амыг сөргүүлж асуужээ. “Одоо ирээдүйн тухай ярья. Бид ирээдүйгээ байгуулж чадна. Хэний ч тусламжгүйгээр өөрөө өөрсдийгөө аваад явж чадна. Доктор Ли Сю Чу, эсвэл Жайаратнам нарын хэн нь ч хэрэггүй. Энэ баялгийг бүтээхэд тэд оролцоогүй. Харин та нар оролцсон шүү” гэв.
Сингапур хүний ажил үйлс, ажлын бүтээл, түүнээс ашиг олох гэдгийг Ли Куан Ю ёстой сургамжилсан шиг сургамжилна. “Би та нарт юу хийх ёстойг чинь хэлье” гэж байгаад л урсгаад байх нь тэр. Шинэ залуу баг гэдгээрээ ихээхэн бахархана. Тэдэнтэйгээ хамтран ажиллуулахыг уриална. Хүмүүс нэг нэгэнтэйгээ танилцаж, харилцан ойлголцож, тэгснээрээ өөрийнх нь хийж бүтээсэн бат бөх суурин дээр байшингаа үргэлжлүүлэн барих ёстой гэж үзнэ. Эс тэгвээс Сингапур аажим аажмаар доройтно. Үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ алдана. Тогтвортой байдал алдагдвал гудамж талбайн цэвэрлэгээ зогсож, дээд зэргийн үйлчилгээ алга болж, гэрэлтүүлэг, цэвэр бохир ус, ариун цэврийн асуудал үүснэ хэмээн анхааруулахаа мартахгүй. Ингэж ярихыг нь сонсвол нэрт сурган хүмүүжүүлэгч юм уу даа гэмээр.
Энэ хот улс бүтэн жил тойрон, 365 хоног нэг ч өдөр алгасалгүй өдөр бүр хогоо цэвэрлэдэг дэлхийн цорын ганц газар болж чадсан нь асар том амжилт юм. Энэ эрчээ алдаж болохгүй. Эс бөгөөс Таны цэвэр агаартай, ногоон хотоос нигширсэн өмхий үнэр ханхална гэж Ли ноёнтон шууд ухуулдаг байв.
Түүний лекц, ярилцлага, яриа таниулга дотор “чанартай шилжилт” гэх шинэ нэр томъёо нэг бусаар тохиолдох вий. Хөгжөөд ханачихлаа, болчихлоо, баяжчихлаа гээд амар жимэр суухыг тэрээр ер тэвчдэггүй, бүр үхэн үхтлээ реформ хийхийг шалж шаардаж, шахаж байсан нь гайхалтай. Тэр үнэхээр шинэчлэгч нэгэн байв.
Тэр шилжилт гээд байгаа нь зүгээр нэг ажлын байр олгохоор хязгаарлагдахгүй, иргэдээ нарийн мэргэжилд сургах, чадварлаг техникч, инженерүүдийг бэлтгэн боловсон хүчнээ сайжруулахыг хэлнэ. Тэгж байж хүн бүр нэг шат дээшилнэ. Мэргэжилгүй байсан бол мэргэжилтэй болно. Мэргэжлээ дээшлүүлж техникч болно. Техникчээс супервайзер, супервайзераас инженер, инженерээс менежер, менежерээс захирал болтлоо дэвшинэ. Энэ их ажлыг 10-15 жилд гүйцэтгэх ёстой гэсэн алтан дүрэм гаргаж ирээд Сингапурчуудыг шавхуурдаж байв.
Тийм учраас их сургууль, мэргэжлийн коллежийг хамруулан боловсролын системээ бүхэлд нь амин чухал гэж үзээд энэ бүхнээ “бүтээмж” гэх ганцхан үгээр орчуулчихаж байгаа юм. Тэр бүтээмж гэдэг нь юу вэ гэвэл Ли Куан Ю өөрөө тодорхойлсноор хүн, машины хөдөлмөрийг зөв хослуулсны үр дүнд нэг хүн цагт өмнөхөөсөө илүү чанартай, илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлдэг аж. Өөр хэний ч гаргаж чадахгүй бүтээмжтэй ажиллахыг хэлдэг. Ингэхийн тулд зөрчилдөж биш, харин зөвшилцөж, түншилж өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой ба ажиллах ч ёстой хэмээн Сингапурын үе үеийн иргэддээ уриалан дуудаж байв.
Ямар ч сайн боловсрол нүдээрээ үзэж, биеэрээ туулсан бодит туршлагыг орлодоггүй
Тэрээр 31 жил Ерөнхий сайд, 14 жил ахлах сайд, долоон жил халамжлагч сайдаар ажиллан 92 наслаад хорвоог орхисон. Энэ тушаалуудаас нь харвал ямагт алба хашиж, төрийн толгойд суусан мэт. Гэвч тэрээр залуу үеийг дэвшүүлэхийн төлөө хамгийн ихээр тэмцэгч байв. “Энэ сонгуулийн дараа би дахин нэр дэвшихгүй” хэмээн амласан нь нэг бус удаагийнх. Тэгснээ л ажиллаад байв. “Залуу үед зай тавьж өгөх цаг нь болсон” гэдгийг ч мөн олон хэлсэн. Харин тэр залуус нь яг хүнээ олсон, зөв сонголт байгаасай гэсэн нь бүр ч олон хэлэгдсэн үгс. Залуус хэлхээ холбоогоо сайжруулж, ажилчид, менежер, захирлууд нэгэн зэрэг цогц ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэд нэг нэгнээ дэмжиж компаниа өсгөн, дэвжүүлэх ёстой гэдэг захиас бас олон тааралдаж байна.
Би 1980-д оны сүүлч 1990 он гэхэд үйлдвэрийн байранд очиж, ажлын нөхцөлийг нүдээрээ харахад хэтэрхий өндөр настай болчихсон байна. Тайлан унших, нүдээрээ харах хоёр тэс ондоо гэдгийг мартаж болохгүй. Телевизээр харах арай дээр. Гэхдээ ажлыг дэргэдээс нь харахтай адилгүй.
Ингэж хэлээд тэрээр иргэний агаарын тээврийн “Singapore airlines” компанийн нисгэгчдийг хүлээн авч байгаагаа зурагтын дэлгэцээр цацуулжээ. Цаадуул нь ажил хаях гээд элдэв сүрдүүлэг хийснийг тэрээр зөөлрүүлэх гэснээ харуулахыг зорьж. Ли Куан Ю тэдэнтэй нэг ширээний ард сууж, нүүр нүүрээрээ уулзсан байна. “Би одоо ч хүч тэнхээтэй, ажлаа хийж чадна, та нартай эцсээ хүртэл үзэхэд бэлэн гэдгээ харуулахын тулд нүүр нүүрээрээ уулзаж ярилцсан. Надтай сөргөлдөөд юу ч олж долоохгүйг нь харуулах гэж тэр шүү дээ” хэмээн мань хүн хожим бардам ярьж байв.
Би тэдэнд хоёр сонголт хийхийг санал болгосон. Нэг бол та нар наад сүрдүүлгээ зогсоо. Эсвэл иргэний агаарын тээврийн үйлчилгээг бүрмөсөн зогсоож, нэр төрөө уландаа гишгэж, сая сая ам.долларын сурталчилгаа, борлуулалтыг хоёрхон долоон хоногийн дотор үгүй хий гэж хэлсэн. Харин энэ сүрдүүлгээ зогсоохгүй үргэлжлүүлбэл би болоод Сингапурын ард түмэн байгаа бүх эрх мэдлээ ашиглан та нарт хэзээ ч мартагдахааргүй хатуу сургамж өгч чадна шүү гэсэн. Би байр сууринаасаа ямар ч тохиолдолд ухрахгүй гэдгээ маш хатуу ойлгуулсан. Эсвэл үүнийгээ зогсоо. Ажилдаа ор, сахилга батаа сахь. Зөвхөн ингэсний дараа ярилц гэсэн. Тэд 65 минут ярилцсаны эцэст шийдэлд хүрч, “За ойлголоо. Сөргөлдөх хэрэг алга” гэсэн. Тэд яагаад ийм шийдвэрт хүрэв? Яагаад гэвэл тэд ялагдахаа мэдсэн учраас тэр. Тэд намайг бүх онгоцыг газардуулаад, өөрсдийг нь хөөж явуулаад оронд нь өөр хүмүүсийг авчирч тэдэнтэй тэдэнгүй нислэг үйлдэж чадна гэдгийг ойлгосон учраас бууж өгсөн гэжээ.
Д.Баярхүү, Э.Долгион нарын хамтран бичиж буй “Эрин зууны их шинэчлэгч Ли Куан Ю” номын хэсгээс
Олхонуд Баярхүү Профессор (Phd)