Twitter-ийн шинэ сорилт
Twitter-ийн удирдлага үүсгэн байгуулагчдын нэг Жек Дорсиг гүйцэтгэх захирлаар томилж, Уол Стриттэй харилцаагаа сайжруулахыг даалгалаа. Тэрбээр 2009 онд байгуулсан Square-ынхээ гүйцэтгэх захирлаар давхар ажиллах юм.
Өдгөө 38 настай Жек Дорси зургадугаар сард Дик Костоло Twitter-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорсны дараа тус байгууллагын түр удирдлагаар томилогдсон юм. Харин энэхүү суудлаа байнгын болгож, Square-ийн гүйцэтгэх удирдлагаар давхар ажиллах боломжоо хадгалж үлдэхийн тулд ноён Дорси Twitter-ийн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг ятгах хэрэг гарсан.
Хөрөнгө оруулагчдын ихэнх нь дуулиан тарьсан энэхүү мэдээг нааштай хүлээж авах нь тодорхой байсан бөгөөд Twitter-ийн нэгж хувьцааны үнэ 5.6 хувиар өсч, 2013 онд анх олонд арилжиж эхэлсэн 26 ам.доллараас даваад байна. Twitter-ийн шилдэг 20 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болох хөрөнгө оруулалтын Rizvi Traverse-ийн үүсгэн байгуулагч Сухайл Ризви, Жон Жиампетрони нар энэ мэдээнд үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. “Бид үнэхээр нүдээ олсон шийдвэр гаргалаа. Жек бол Square, Twitter-ийн аль алины хувьд зөв сонголт” хэмээн ноён Ризви дүгнэв.
Гэсэн хэдий ч, нэрээ ил болгохыг хүсээгүй нэгэн томоохон хувьцаа эзэмшигч захирлуудын зөвлөлөөс энэхүү шийдвэрээ тайлбарлахыг шаардлаа. Ноён Дорсиг Square-ийн гүйцэтгэх захирлын ажлаа орхих тал дээр шахалт үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. “Энэ бол Цахиурын хөндийн хийрхэл, хоёр зэрэг алба хаших хүн байхгүй. Ямар ч ажлыг сайн хийхийн тулд тухайн ажилдаа төвлөрөх бас цаг хугацаа шаардлагатай. Харин давхар ажил эрхэлбэл энэ бүхэн яах билээ?” хэмээн тэрбээр анхааруулсан юм.
АНУ-ын үнэт цаас, биржийн комиссын мэдээнд ноён Дорси Твиттерийн ТУЗ-ийн даргын албан тушаалаас татгалзах бодолтой байгаа талаар дурджээ. Мөн тэрбээр гүйцэтгэх захирлын цалин хөлс авахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Дорси “Би гурван сар гаруй хугацаанд хоёр компанийн гүйцэтгэх захирлаар ажиллалаа. Энэ хугацаанд хоёр компанийнхаа үйл ажиллагааг цаг алддаггүй, хурдтай байлгах талаас нь сайжруулсан” хэмээн жиргэжээ. Twitter-ийн хувьд Дорси хэрэглэгчдийн хүрээллийг тэлэх ажлыг гардан хийсэн нэгэн. Мөн Twitter ба Square-ийн төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлжээ. Харин Square “Өнгөрсөн хугацаанд ноён Дорси хоёр компанийг үр дүнтэй авч явахыг хүсэж байгаагаа, ийм чадвартай гэдгээ баталж харуулсан” хэмээн мэдэгджээ.
Ханна Каклер, Стивен Фоли