Япон улс ЮНЕСКО-гийн санхүүжилтийг зогсоож магадгүй
Японы засгийн газар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-г санхүүжүүлэхээ зогсоож магадгүй болоод байна. 1937 онд Хятадын Нанжин хотод болсон хядлагын тухай баримтуудыг Дэлхийн өвийн жагсаалтад оруулах шийдвэрийг эсэргүүцэж байгаагийн тэмдэг болгож ийм шийдвэр гаргаж болзошгүй талаар Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга өнөөдөр Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.
Тодруулбал, “ЮНЕСКО-д олгодог Японы санхүүжилтийг зогсоох боломжтой юу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “энэ харамсалтай шийдвэрийн хариуд авч болох арга хэмжээг бид бүх хувилбараар нь авч үзэж байна” гэж хариулжээ. 1937 онд Японы армийн Нанжинд үйлдсэн хядлагын тухай архивын баримтуудыг БНХАУ-ын санал болгосны дагуу ЮНЕСКО энэ сарын эхээр “Энхийн дурсгал” нэртэй дэлхийн баримтат өвийг хамгаалах хөтөлбөрийн жагсаалтдаа оруулсан юм. Үүний дараа Японы Гадаад хэргийн яам Бээжингийн өргөн барьсан материалууд түүхийг гажуудуулж, нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлтүүдэд суурилсан гэж мэдэгдэж байсан юм. Мөн ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг шинэчлэхийг шаардах болно гэдгээ Токио мэдэгдлээ.
Нанжинд амь үрэгдэгсдийн тооны талаар олон янзын үзэл бодол байдаг учраас зөвхөн Бээжингийн байр суурийг тусгасан баримт бичгүүдийг ЮНЕСКО-д оруулах нь учир дутагдалтай гэдгийг Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Суга өмнө нь телевизд ярилцлага өгөх үеэрээ хэлж байсан юм. Токиогийн хувьд Нанжинд хядлага үйлдэгдсэн гэдэг баримтыг өөрийг нь үгүйсгэдэггүй, гагцхүү энэ үеэр амь үрэгдэгсдийн тоог Хятад улс хэт дөвийлгөж байна гэж үзэж байгаа юм байна. Энд дурдахад, Япон улс ЮНЕСКО-гийн хоёр дахь томоохон санхүүжүүлэгч улсад тооцогддог. Тус улс ЮНЕСКО-гийн нийт төсвийн 10,8 хувийг дангаараа гаргадаг ажээ.