Ардчилсан Солонгос АНУ-ын эхлүүлсэн дайнд өөрсдийгөө хамгаалж чадна гэв
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Солонгосын Хөдөлмөрийн намын 70 жилийн ойн баяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "БНАСАУ АНУ-ын эхлүүлсэн аливаа дайнд өөрийгөө хамгаалж чадна" гэж мэдэгдлээ. Тэрбээр Пхеньяны Ким Ир Сены нэрэмжит төв талбайд болсон цэргийн парад дээр “Манай арми, ард түмний эв нэгдэл, “төмөр” мэт эр зориг бидэнд империалистуудын зүгээс тогтоосон хориг арга хэмжээ, биднийг ганцаардуулах гэсэн оролдлогыг гэтлэн давах боломж олгож, манай дайснуудад айдас, жихүүдэс төрүүлсэн” гэж хэллээ.
Мэдээллийн “Би-Би-Си” агентлагийн сэтгүүлч Стивен Эвансын Пхеньянаас мэдээлснээр энэ парад залуу удирдагчийн хэлсэн үгнээс илүү дэлхий дахинд Умард Солонгос аливаа өдөөн хатгалтыг даран сөнөөх чадамжтай армитай болсон гэдгийг харуулжээ. Пхеньянд болсон ёслолд гадаадын нэг ч удирдагч оролцоогүй, ганц Бээжин л Коммунист намын өндөр зиндааны түшмэл Лю-Юнь-Шанийг энэ арга хэмжээнд оролцуулсан. Баяр ёслол хүчтэй аадар борооноос болж товлосон цагаасаа хожуу эхэлж, гартаа бамбар барьсан хэдэн мянган хүний жагсаалаар дууссан. Энэ парадад хэдэн зуун танк, пуужин харвагч төхөөрөмж, хуягт тээвэрлэгч, пуужин зэрэг цэргийн техник оролцлоо. Хэдийгээр цэргийн техник 21 минутад индрийн өмнүүр явж өнгөрсөн ч цэргийн шинэ техник, тэр дотор цоо шинэ төрлийн пуужинт техник өрнөдийн шинжээчдийн анхаарлыг татаж чадсан байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр аль эртнээс л бүс нутгийн хөршүүд болон олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийн зовиур болоод байгаа юм.