Обама "Хил хязгааргүй эмч нар"-аас уучлалт гуйлаа
Өнгөрсөн баасан гарагийн шөнө АНУ-ын нисэх хүчин Афганистаны Кундуз хот руу агаараас довтлохдоо алдаа гарган, “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмнэлэг рүү гал нээсэн хэрэг гарсан.
Үүний улмаас “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын 12 ажилтан, 10 өвчтөн амь насаа алдсан. Түүнчлэн 37 хүн гэмтэж, шархадсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кундуз хотын эмнэлгийг америк цэргүүд андуурч бөмбөгдсөнд Афганистаны төрийн тэргүүн Ашраф Гани болон “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын удирдлагаас уучлал хүссэн байна.
Тэрээр тус байгууллагын тэргүүнтэй утсаар ярихдаа ийм хэрэг гарсанд харамсаж, мөн гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн энэ хэргийн мөрдөн байцаалтыг ил тод явуулж, буруутанд хариуцлага тооцно гэжээ.
Эх сурвалж: Reuters