НҮБ 70 жилийн түүхэнд анх удаагаа авлигын хэрэгт холбогдов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь чуулганы дарга асан Жон Аше авлигын дуулианд нэр холбогдлоо. АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мэдээлсэнээр Карибын тэнгисийн Антигуа Барбудагаас гаралтай эдүгээ 61 настай Жон Аше хятад бизнесмэнээс 1.3 сая ам.долларын авлига авсан гэх үндэслэлээр баривчлагдсан байна.
Энэ хэрэгт түүнээс гадна таван хүний нэр холбогдсон бөгөөд авлига өгсөн Хятадын үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн, тэрбумтан Нг Лап Сенг өнгөрсөн сард баривчлагдсан юм. Түүнийг хоёр жилийн хугацаанд нийтдээ 4.5 тэрбум ам.долларын авлига өгсөн хэрэгт буруутгаж буй. Антигуа Барбудагийн НҮБ дахь тусгай элчээр томилогдож, 2013 оны есдүгээр сараас нэг жилийн хугацаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганыг даргалсан Жон Ашег Нью-Йорк хотын зах хэсэгт орших гэрээс нь баривчилсан байна.
Түүнчлэн, Доминикийн бүгд найрамдах улсын НҮБ дахь төлөөлөгч болон Нью-Йоркт байрлан үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагын төлөөлөгч нарын хүмүүс ч энэ дуулианд холбогдон баривчлагджээ. Нэр бүхий зургаан эрхмээс гадна НҮБ-ын өндөр дээд албан тушаалын хүмүүс уг хэрэгт холбогдсон эсэхийг мөрдөх ажил ч үргэлжилж буй гэнэ. 70 жилийн түүхэнд нэг ч удаа авлигын дуулианд холбогдож байгаагүй НҮБ-д энэ удаагийн хэрэг томоохон цохилт болсон нь мэдээж юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ талаар “Том цохилт боллоо. Сэтгэл их өвдөж байна” хэмээн тэмдэглэсэн байна. Хэргийн талаар тодруулбал, эдүгээ баривчлагдаад буй Аше Макао дахь НҮБ-ын байрыг бариулахын тулд Хятадын үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн, тэрбумтан Нг Лап Сенгтэй гэрээ байгуулж, нийт 1.3 тэрбум ам.долларыг авчээ. Үүнийхээ тал хувийг нь Макаод НҮБ-ын төлөөлөгчийн танхимыг байгуулахад зарцуулж, үлдсэнийг нь Карибын тэнгис дэх үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтад зориулсан байна. Тэрбумтан Нг Лап Сенг хоёр жилийн хугацаанд 4.5 тэрбум ам.долларын хахууль өгсөн хэргээр өнгөрсөн сард баривчлагдсан юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик Бан Ги Мүнд энэ удаагийн дуулиан томоохон цохилт болсон хэмээгээд, “Авлига бол НҮБ-ын үйл ажиллагаа бус” гэж онцлон тэмдэглэсэн байна. Албаны баримт бичгээс үзвэл, Жон Аше 2011-2014 онд хоёр ч удаа татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдож байжээ.
Жон Аше гэж хэн бэ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь чуулганы дарга асан, Антигуа Барбудагийн НҮБ дахь тусгай элч Жон Аше гэж чухам хэн бэ. Тэрбээр 1954 оны наймдугаар сарын 20-нд Антигуа Барбудагийн Сайнт Жонс хотноо төрж байжээ. Улмаар Канадын Халифаксын Сайнт Мэригийн их сургууль, Филаделфиагийн Пеннсилванийн их сургуулийг тус тус дүүргэсэн сэхээтэн аж. Мөн Пеннсилванийн их сургуульд Био инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна.
Тэр жирийн л ядуу, зүдүү амьдралтай айлын хүүхэд байжээ. Эцэг эхийнх нь аль аль нь ахлах сургуулиа ч төгсч чадаагүй гэдэг. Түүний өвөг эцэг нь бичиг үсэг үл мэдэх хүн байсан бол түүний ээж зарц гаралтай эмэгтэй байсан юм. Тиймээс Жон Аше их сургуульд сурсан нь удам дотроо анхны тохиолдол байсан аж. Тэрбээр 1989-1995 он хүртэл өөрийн улсаа НҮБ-ын байнгын гишүүн орон болгоход ихээхэн хүчин чармайлт гаргаж байжээ. Харин 1995-2004 он хүртэл Антигуа Барбудагийн НҮБ дахь тусгай элчээр томилогдож байлаа. Улмаар 2005 оны дөрөвдүгээр сарын 11-22-ны өдрүүдэд НҮБ-ын төв байранд зохиогдсон Тогтвортой хөгжлийн 13 дахь удаагийн чуулганыг даргалж байв.
Үүнээс гадна биологийн олон янз байдал, цөлжилтийн конвенцийн хүрээнд хэлэлцээр хийж, ихээхэн чармайлт гаргаж, хэд хэдэн чухал ажлуудыг амжуулж байжээ. Жон Ашегийн нэр алдарт зогсолтгүйгээр өсч, алдаршиж байсан ч, энэ удаагийн авлигын дуулиан түүний нэр хүндийг газарт тултал унагалаа.