Террористуудын 12 байрлалыг бөмбөгдөв
Оросын Агаар, сансрын хүчний нисэх бүлэглэлийн онгоцууд өчигдрийн турш Сири дэх “Исламын улс” террорист бүлгийн 12 байрлалд Хмеймын баазаас байлдааны нислэг хийн, цохилт өглөө. Ингэхдээ террористуудын арын албаны дэд бүтэц, командын байр, лагерь зэргийг бөмбөгдсөн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдээлэл хийлээ.
Тухайлбал, Су-25СМ дайрагч онгоцууд гадаадын хөлсний дайчдыг бэлтгэх сургуулийн хээрийн лагерийг бөмбөгджээ. Радио тагнуулын мэдээгээр энэ лагерьт хэд хэдэн гадаад хэлээр холбоо барьж байсан нь илэрсэн байна. Латакиямужийн Гмам суурины ойролцоох террористуудын түшиц газарт Су-34 бөмбөгдөгч довтолгоон хийсэн бөгөөд тэдний бэхэлсэн цэгийг бүрэн устгажээ.
Су-24М бөмбөгдөгч онгоцууд бетон цөмлөх бөмбөгөөр Дейр-эз-Зорхотын ойролцоох хоёр командын байрыг устгасан байна. Мөн Идлиб мужид удирдлагатай бөмбөг ашиглан алан хядагчдын дасгал хийдэг талбайг устгажээ.