Япон дүрвэгч хүлээж авахгүй, харин мөнгөөр тусална
Өчигдөр НҮБ-ын ерөнхий ассамблейд оролцож байгаа Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ дүрвэгсийн асуудлыг зохицуулж, Ойрх Дорнод, Африкт энх тайван тогтооход зориулан $1.6 тэрбумыг гаргах боломжтойгоо мэдэгджээ.
Абэгийн хэлснээр Япон улс энэ жил Сири, Иракийн дүрвэгсдэд тусламж болгон $810 саяыг гаргах ба нэмж $750 саяыг Ойрх Дорнод, Африкт энхийг тогтоох үйлсэд хандивлах гэнэ.
Өнгөрсөн жил Япон улс 5,000 орогнох зөвшөөрөл хүссэнээс дөнгөж 11-ийг нь хүлээж авсан. Абэ ч Сирийн дүрвэгсдийг хүлээж авах эсэх талаар ярихаас зайлсхийлээ.
Энэ тухай асуусан сэтгүүлчийн асуултанд Абэ Японд хэдийгээр ажиллах хүч эрэлттэй байгаа ч үүнийг дотоод нөөц бололцоогоо шавхан, тодруулбал эмэгтэйчүүд, өндөр настангуудад ажиллах боломж олгох замаар шийднэ гэлээ.
“Гаднаас дүрвэгч хүлээж авахаас өмнө бидэнд дотроо шийдэх хүн ам зүйн олон асуудлууд байна” гэж Абэ хариулжээ.
Тэр “Япон улс нөхцөл байдлыг нь өөрчлөх замаар дүрвэгсдийн тоог бууруулах сонирхолтой байна” гэж мэдэгдсэн байна.